Monday, March 21, 2011

Онол номер 7

Одоо биш гэвэл хэзээ, бид биш гэвэл хэн хийх юм бэ? Энэ бол миний хувьд байнга өөртөө тавьдаг асуулт. Өөртөө, боломж олдвол бусад ЛГБТ хүмүүсээс мөн асуудаг асуулт. Юмс жил ирэх тусам өөрчлөгдөж, ЛГБТ хүмүүс ЛГБТ байдлаараа амьдрах, ажиллах, нийгэмдээ ил гарах нь илүү болж байгаа ч хангалттай биш хэвээр.

Ялангуяа өчигдөр би ЛГБТ радиогийн багийнхны хийсэн хамгийн сүүлийн нэвтрүүлгийг сонсоод өөрийн эрхгүй дуу алдсан зүйл нь "Стрэйт хүмүүс одоо хүртэл Гамбууш Нараа нараар биднийг төсөөлдөг гэж үү" байв. Үнэхээр ухаалаг бас намбалаг байрын нэг охин хамгийн сүүлд Отгоотой ярихдаа гей хүмүүсийг транс эмэгтэйчүүдтэй хольж байхын, дараа нь "Монголын нийгэмд Гамбуушаас өөр нээлттэй байгаа хүн байхгүй" гэлээ. Сенсац нэхэж өөрийнхөө хэнтэй хаана яаж унтдагаа зарладаг өрөвдмөөр нэгэн хувь заяатай тэр хүн ЛГБТ хүмүүсийн нээлттэй байхын, хүмүүст зөв ойлголт өгөхийн үлгэр дуурайл мөн үү. Зөвхөн тийм зүйл ярьж байгаа бол тэр нь ЛГБТ хүмүүсийн хувьд тус биш ус. 2006 онд би бичсэнчлэн тэр хоёр хүн ЛГБТ эрхийн асуудлыг Монголд 20 жил ухраах араанд нь хийж гавъяа бүтээсэн хүмүүс. Тэдэнтэй адилтгуулахаасаа айгаад олон мянган ЛГБТ 40-өөс дээш насныхан чив чимээгүй байдаг. Шууд хэлвэл ингэж Гамбууш мэт өөрөөсөө өөр хэнд ч хамаагүй зүйл болох хэнтэй хаана яаж унтаж хэвтэж байснаа ярин тэнэгтэхийн оронд зүгээр л өөрийнхөө өдөр тутмын амьдралд бусадтай нээлттэй байж,  амьдралаасаа хуваалцвал бага багаар нийгэм маань ЛГБТ хүмүүс бол хүн шиг хүмүүс хэмээн ойлгоно. Харин өөрийнхөө өдөр тутмын амьдралд нээлттэй байснаараа олон зуун хүний бодол санааг бага багаар өөрчилж буй хүмүүс бидний дунд нэг биш, хэд хэд бий. Гэхдээ л Гамбууш буюу Анутай уулзах болгонд миний сэтгэл эмтэрдэг. Зөвхөн шинжлэх ухааны мэдээлэл мэдлэг дутуу байснаас интерсекс болж төрсөн хүнийг нийгэм маань яасан их тамлаа вэ. Тэр там нь энэ хүн зөвхөн амьд үлдэхийн төлөө өөрөөрөө болон бусдаар ямар их золиос хийхэд хүргээвээ. Хүн төрөхдөө л үнэт зүйлс нь буруу бүрдэлтэй төрнө гэж үгүй. Хүн хүнээ хайрлах эсвэл үл хайрлах, ямарваа байдлаар хүчирхийлэх гэдэг бол зөвхөн нийгмийн орчны бүтээгдэхүүн гэдгийг хүмүүс ойлгоосой.

Бас нэг дотор арзайлгасан зүйл бол "ЛГБТ хүмүүсийг нийгэмд хүлээн зөвшөөрөх цаг ирээгүй" гэж нэг хоёр хүн хэлж байсан явдал. Биднийг ойлгодог хэрнээ бас л үл ойлгодгийг харуулсан том жишээ. Хувьсгалын тохироо, энэ тэр гэж гоё ганган үгээр чимэглсэн гар буу бидэн лүү бүү онил. Бүх зүйл өөрийн байгалийн зүй тогтолцоогоор, шалгарлаар, хэрэгцээгээр үүсдэг, болдог, дуусдаг гэж мухар ахар бодож болохгүй. Хувьсгалын тохироо бүрддэгүй, тэр аливаа хувьсгалын тохироог энгийн яг л над шиг, яг л чам шиг хүмүүс бүрдүүлдэг. Харин үүнийг нийгмийн инженерчлэл гэдэг. 1917 оны Оросын хувьсгал зүгээр л өөрөө өрнөж болоод ЗХУ гэсэн сайхан эхэлсэн ч, нүгэлт судартай болж хувирсан улс гараад ирсэн үү. 1921 онд бид зүгээр бас сугараад дэлхийн хоёр дах социалист орон болоодохсон уу. Үгүй л дээ, энэ болгон цаанаа үйл явцтай... Харин энэ болгон үйл явцыг ганц бодол, ганц уриа хөдөлгөдөг байсан нь "Одоо биш гэвэл хэзээ, бид биш гэвэл хэн."

Онол номер 7: Одоо л хийхгүй бол хэзээ ч хийгдэхгүй, бид л хийхгүй бол хэн ч хийхгүй гэдгийг бид бүгд ойлгож, өөрийнхөө амьдрал, хайр дурлал, цээж дүүрэн амьсгал авах эрх чөлөөнийхөө төлөө бүх ЛГБТ хүмүүс гар бие оролцох цаг ирсэн. Болно оо, заавал ЛГБТ Төвд ирж ажиллах шаардлагагүй, угаасаа ирсэн ч бидэнтэй адил цалингүй ажилла. Үгүй гэвэл зүгээр л нээлттэй амьдарч эхэл. Ямар өөрчлөлт гарахыг хар. Хэцүү байдал үүсвэл биднээс туслалцаа ав. Хамтдаа амьсгал авах эрхийнхээ төлөө тэмцье, ах эгч дүү нар минь ээ, энэ чинь одоо.

(Анх богинодуу байдлаар www.lgbtcentre.mn вэбсайтад 2010 оны 7-р сарын 27-нд гарсан.)

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...