Wednesday, March 2, 2011

Өнөөдөр миний найзын төрсөн өдөр

Тэр бид хоёр хамт МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд 1994 оны намар элсэн орж байв. Дэндүү ганган, өөртөө итгэлтэй ч дотроо хоосон нь илт тэр олон хүүхдүүдээс нэг хүүхэд онцгой өөр харагдаж билээ. Тэгтэл тэр онцгой харагдсан хүүхэд манай анги, бас болоогүй, биднээс бүр хоёроор дүү, мундаг толгойтой, даруухнаас даруухан ч, жаахан таниад ирвэл хөгжилтэйгээс хөгжилтэй, амьдралын баяр баясгалан, аз жаргал, сайн сайханд тэмүүлсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхэд байсан юм. Мэдээж би тэр найздаа эхнээсээ л дурласан ч өөрийгөө ч өөртөө бүрэн хүлээн зөвшөөрөөгүй "хүн намайг гомо гэдгийг минь мэдчихвий" гэсэн айдсандаа үхтэлээ автсан хүн хайр дурлалаа хэзээ ч илчлэлгүй, гэмгүй сайхан найзууд болж байв. Харилцаанд хоёр жил сурахдаа ганц жинхэнэ сайн найз олж авсан минь Жүжээ байв. За тэгээд Энэтхэг явлаа, өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, хэзээ ч хэний ч өмнө худал хэлэн өөрийгөө үгүйсгэхгүй хэмээн өөртөө тангараг тавьсан минь 19 нас. Тэнд очоод 7 сарын дараа 2 талын тийзийнхээ нөгөөг нь ашиглах гээд эх орондоо 1997 оны 2-р сард ирээд найздаа бүх үнэнээ хэлэхэд тэр маань чив чимээгүй хэсэг сууж байгаад "Чи миний найз, өөр юу ч хамаагүй" гэхэд нь намайг үгүйсгэн, надаас ичин, намайг гаргуунд гаргах байх гэсэн айдас маань арилж, тайвширсандаа хэсэг уйлж билээ. 2000 оны эхээр найзтайгаа бас л амьдралынхаа хүнд мөчид эргэж уулзлаа. Бас л намайг цааш нь түлхсэнгүй. Амьдралын хөөр баясал дүүрэн хүний хажууд байна гэдэг сэтгэлийн диваажин. Хэдэн сар хамт амьдарч бүх шархаа долоож эдгээж байтал анхныхаа монгол найз охинтой танилцав. Дурлалаа. Бараг л ухаангүй хайрлалаа. ЛГБТ хүмүүс бусадтай л адил хүмүүс гэдгийг харуулах анхны том боломж гэж бодоод М-ыг өөрөөрөө бахархан амьдрах ёстойг итгүүлэх гэж баахан зовлоо. Хоёр жил зовлоо. Түүнийг ч их зовоолоо. Сүүлдээ бүр гар хүрдэг боллоо. Гар хүрэх болгондоо өөрийгөө үх гэж хараах. Гар хүрэх болгондоо түүнд гар хүрч байгаагаасаа илүү өөрийгөө цээрлүүлэх. Тэгсээр тэр ч араар тавьж эхлээд бид хоёрын хайр дууслаа. Харин тэр хойгуур Жүжээ маань Солонгост магистраа хийх гээд явсан байгаад "Найз нь христчин болсон" гэж бичлээ. М-аас салаад rebound-аар өөр нэгэн гайхамшигт эмэгтэйтэй танилцлаа. Ухаангүй дурлалаа. Тэр маань гайхамшигт бус, гамшигт нэгэн байсныг  сүүлд л ухаарлаа. Түүний дараа хэдхэн сарын дараа нь Жүжээ маань Солонгосоос ирлээ. Гэтэл Жүжээ маань намайг олон жилийн өмнө хүлээн зөвшөөрч байсан зүрх сэтгэлээ хаагаад оронд нь Есүсийг оруулсан байв. Уулзах болгондоо Есүс гэнэ. Мөнхийн тамаа надад ярхигүй ч бараг л. Сүүлд 2005 оны эхээр эхнэртэйгээ (тэр үеп хараахан суугаагүй байсан) амралтаа өнгөрөөхөөр Монголд ирээд түүнийг дуудахад "Чамайг ийм тул найз нөхөрлөлөөсөө татгалзаж байна" гэсэн утгатай имэйл хариу бичсэнийг нь аваад миний зүрх зүсэгдэн "Миний найз холын замд гарчээ. Миний найз энэ аян замаа дуусгаад над дээр заавал эргэж ирэхийг нь би мэднэ" гэж бичиж байснаа өчигдөр мэт санана. Харин 2008 онд Жүжээ минь үнэхээр "холын аянаасаа" эргэж ирсэн юм. Одоо бид хоёр жинхэнэ найзууд хэвээр. Ойр ойрхон уулзаж амжихгүй ч сэтгэлд минь Жүжээ гэж хүн байнга гэрэлтэнэ. Сэтгэлд нь зөвхөн Есүсийн орон зай бус, Анараагийн орон зай байгааг би дахин дахин мэдэрнэ. Найздаа төрсөн өдрийн халуун мэнд хүргэе!

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...