Monday, March 28, 2011

ЛГБТК хөдөлгөөн, НҮБ, АНУ гэх мэт

ЛГБТК (Л - лесбиян, Г - гей, Б - бисексуал, Т - трансжендэр, К - күийр (бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийг тогтсон зүйл хэмээн ойлгодоггүй жендэр судлалд үндэслэсэн онол ба амьдралын хэв маяг. Хүмүүс санаж байвал Цэнхэр тэнгэрийн цаана гэж үзэсгэлэнд хадагт хөргөө авахуулсан хүмүүсийн дунд “бэлгийн чиг баримжаа: лесбиян, хүйс: күийр” гэсэн нэгэн хүн байсан даа)) эрхийн хөдөлгөөн үүссэн анхны орон болох АНУ-д Заяа, Анараа хоёрын явсан томилолт амжилттай боллоо. Олон ЛГБТК байгууллага, эсвэл ЛГБТК хүмүүсээр манлайлуулсан байгууллагуудаар орж, санал онол солилцон оюун ухаанаа, сэтгэл зүрхээ сэргээн ирэв. Төвийнхөө хийж буй үйл ажиллагааг улам өргөжүүлэх, хөтөлбөрүүдээ нарийсгах, залуу ЛГБТК манлайллыг хэрхэн бий болгох талаар олон зүйл төлөвлөн ирлээ. Мэдээж энэ болгоноо та бүхэнтэй уулзалдан хуваалцаж, санаа бодлуудыг чинь сонсох хэрэгтэй байна.

АНУ-д явж байгаад амьдралдаа хэзээ ч сонсохгүй байх гэж бодсон зүйлээ сонссон нь Монгол Улс минь НҮБ-ын Ерөнхий чуулганаас 3-р сарын 22-нд ЛГБТ хүмүүсийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр гадуурхах, ЛГБТ хүмүүсийг хүчирхийлэхийн эсрэг НҮБ-ын Тогтоолд Монгол Улс нэгдсэн явдал байв. Үүнийг бидэнд 22-ны өглөө 10 цагт Төрийн департаментын Мира, Шейн, Том нар мэдэгдэж бараг л уйлуулахыг минь шахсан. Энэхүү 85 орон, 100 гаруй төрийн бус байгууллагынхны нэгдсэн Ерөнхий Чуулганаас гарсан тогтоол нь ЛГБТ хүн болж төрсөнөөрөө дэлхийн аль ч өнцөг булан дах ЛГБТ хэн боловч хүчирхийлэлд өртөх ёсгүйг анх удаа глобал улс төрийн хэмжээнд тунхагласан явдал болсон юм. Монгол Улс маань энэхүү тогтоолд нэгдсэн нь Монголын ЛГБТ хүмүүс эрх тэгш амьдрах, цээж дүүрэн амьсгалах, нийгмийн бүтээлч, хувь нэмрээ оруулагч жинхэхэ ёсоор хүндэтгэгдсэн ИРГЭД мөн болохыг Монгол Улс маань дахин бататгасан явдал болсон юм. Түүхэн мөч. 2007 оны 3-р сараас эхлээд “ЛГБТ хэмээх нэртэй ч байж болохгүй” хэмээн биднийг ТББ-аар бүртгэхгүй байсан гурван дөрвөн жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулахад газар тэнгэрийн ялгаа. Одоо л "Эх орон минь намайг хүн гэж үздэг" гэж хэлэх хэмжээнд энэ богино хугацаанд очсонд би бахархан сууна. Бахархахаас ч өөр аргагүй.

АНУ-ын Вашингтон болоод Солт Лэйкд холбооны улс ба мужийн хэмжээний улс төрийн хүрээнд ЛГБТ хүмүүсийн эрх тэгш амьдрах, аюулгүй айдасгүй амьдрах эрхийн төлөө тэмцэж буй хэд хэдэн хүмүүс, тэдний эрх зүйн туслахуудтай уулзсан юм. Тамми Болдуин, Баарний Фрэнк гэж АНУ-ын Конгрессийн гишүүд Үзэн ядалтын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлтийг 2009 онд оруулж, хуулийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх үндсийг тавьсан хүмүүс. Тэдний туслах Амбер, Конгрессын ажилтнуудын дунд ганцаараа нээлттэй транс залуу Диего нартай уулзаж, ЛГБТ Төвийн эрх зүйн хүрээнд явуулж буй үйл ажиллагаандаа тэдний санаа бодлыг нь сонсч, цаашид хамтран ажиллахаа харилцан илэрхийлэв. Харин Солт Лэйкд мужийнхаа сенатад 13 жил ажиллаж буй нээлттэй лесбиян Жейн Бискупскийтай уулзаж, ЛГБТ хүмүүсийн манлайлал ба ЛГБТ хүмүүсийн төлөө манлайлал ямар байх ёстой  талаар бодох бодол, төлөвлөх зүйл сонсч авав. Ютаа мэдээж мормоны шашны АНУ-ын төв. Тийм л шашны үл тэвчих байдал давамгайлсан газар ЛГБТ байгууллагууд, манлайлагчид юу хийсээр ирсэн, юу хийж байгааг харахад дэндүү сайхан байсан.

Үл хүчирхийллийн гуру Мохандас Гандигийн "You must be the change you want to see in the world" буюу "Дэлхий ертөнцөд харахыг хүсч буй өөрчлөлт нь чи өөрөө байх ёстой" гэдэг үгний амьд жишээ болсон хүмүүс, ЛГБТ гэдгээрээ бахархан нээлттэй амьдарч, тэр нээлттэй амьдарснаараа ЛГБТ хүмүүсийнхээ төлөө амьсгалах бүрээ зориулж буй хүмүүсийг хараад, сонсоод бахархах, бахдах, шүтэн бишрэх сэтгэл төрж байв. 10 цагийн өмнө нүүрс нь ханхийсэн Улаанбаатартаа бууж ирээд энэ тухай л бодсоор. Нээлттэй байснаараа, хэн гэдгээрээ бахархан, стрэйт хүн бүрт, өсөн дэвжиж буй залуу ЛГБТ хойч үеийнхэндээ үлгэр дуурайл болж амьдрах цаг ирсэн шүү, ЛГБТ ах эгч дүүс минь.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...