Thursday, May 5, 2011

Онол номер 2.v.2.

"Стрэйт, ЛГБТ гээд ялгаагүй л муу нь ч байгаа, сайн нь ч байгаа л байх, зан араншингийн хувьд. Гэхдээ л надад ЛГБТ хүмүүс өөрсдөө асуудал их өдөөгөөд байх шиг санагдах юм. Х... гээд хүү шиг хувцасладаг охин байдаг. Найз залуугийн минь бие муу, таксинд суулгах гээд их сандруу байхад тусалж өгөхдөө миний түрийвчийг аваад зугтсан. Би царайг нь мартаагүй. Өөр нэг хачин тохиолоор найзын минь ажилладаг сэтгүүлийн борлуулалт дээр яваад байгааг нь мэдсэн. Би заргалдаж гүйгээгүй ээ. Жаахан хүүхэд шиг санагдсан, их ядруу харагдаад байсан болохоор таниагүй дүр үзүүлсэн. Харамсалтай нь тэр хэдэн сэтгүүл тэврээд бас л зугтчихсан байсан. Бодож л сууна. Стрэйт хүмүүс л шүүмжлэл магтаалын аль алийг нь дааж амьдарна гэж байхгүй шүү дээ. Харьцангуй одоо хүн доромжлоод байдаг аймаар нийгэм өөрчлөгдсөн гэдэгт би итгэдэг. "Транс хүмүүст ажил олддоггүй учраас биеэ үнэлж байна, хулгай хийж байна" гэж ярьдаг. Үнэний ортой. Би транс эмэгтэйгээс "Ажилд оруулаад өгье" гэж асууж үзсэн. "Бага цалинтайн байна" гэж хариулж байсан. Би залуу хүн. Чадалтай хүн биш л дээ. Гэхдээ яагаад энэ хүмүүс хүний сэтгэлийг бодохгүй байдаг юм бэ? Аятайхан ажилд зуучлаад өгөөч... Өчнөөн олон туслахад бэлэн хүмүүс гарна. Тэр хүмүүсийн итгэлийг даах ухамсар суулгаж өгөөч...."
Сэтгэлд минь нэгийг бодогдуулсан, шимшрүүлсэн энэ захиа миний цахим шуудангаар иржээ. Биднийг ойлгож, бүр туслах сэтгэлтэй нэгний хатуу ч, бас зарим талаараа үнэн гэдгийг нь би хүртэл мэдэх үгийг бид сонсох учиртай. Хүн хүнээ түшиж, чадах чадахаараа туслаж, дэм дэмэндээ, дээс эрчиндээ үргэлжилдэг хорвоо. Бидний заримынх нь ямар ч шалтгаанаар бай гаргаж буй харалган алдаанаас болоод бидний нүүр царай, мөн чанарыг буруу дүгнэхэд дөт. Чи ЛГБТ хүн л бол энэ олонхын нийгэмдээ яалт ч үгүй цөөнх болсон ЛГБТ хүмүүсээ төлөөлдөг элч төлөөлөгч гэдгээ ухамсарлан амьдрах ёстой. Нэгэнт даравч дардайна, булавч бултайна гэхчилэнгээр бидний заримыг, ялангуяа трансуудыг харахад л андашгүй тул тэр тусмаа бид ЛГБТ олон нийтээсээ энэ нийгэмдээ хүссэн хүсээгүй элч төлөөлөгч гэдгээ өдөр бүр мэдрэн амьдрах ёстой. Би ч бас залуу явсан. Алдаа гаргаж байгаагүй биш, гаргаж байсан ч түүнээсээ өөрөө суралцаад л, ухаараад л явсан. Хамгийн гол нь элч байх ёстой гэдгээ мэдэрсэн.

Надад өнөөдөр үнэхээр дэндүү сайхан нэгэн зүйл тохиолдсон. ЛГБТ Төвийнхөө удирдах зөвлөлөөс гарахгүй гэснээсээ болж ажлаасаа удахгүй ашиг сонирхолын зөрчил гаргасан гэсэн шалтгаанаар халагдах гэж буй надад өөрийн гэсэн өмчлөх орон байргүй тул орох орон, идэх хоолтой байхын тулд байнгын орлого хэрэгтэй. Найзын маань дүү хамтран ажиллах сайн англи орос хэлтэй хүн хэрэгтэй гэхээр нь өнөөдөр очиж уулзлаа. Маш залуу компани. Маш ирээдүйтэй компани. Үндэсний үйлдвэрлэгч. Олон жил өөрөө өөртөө цөхөрч, ингэж амьдарснаас үхье гэж боддог болсон бодлын минь гол шалтгаан нь миний трансжендэр байдал. Энэ л биед төрчихсөнөөс хойш энэ л биеэрээ яаж ийгээд л хагас дутуу ч бай эмэгтэй хүн шиг л амьдрах ёстой гэсэн бодол маань миний шорон болж хувирсан нь биений юм ирсэн өдрөөс хойших сүүлийн хорин дөрвөн жил. Гадагш гарч хэдэн жил амьдрах болгондоо бага багаар өөрийгөө нээж байсан хэзээ ч бас л яг өөрөөрөө, өөрийнхөө өөрийгөө мэдэрч байснаараа 100% байх миний зориг хүрээгүй. Харин Японд анхныхаа эрэгтэй хослолыг Жаскогоос 2004 оны 7-р сард аваад нэгэн лесбиян хосын хуриманд очсон тэр өдөр миний өөрөөрөө амьдарч эхлэх анхны өдөр байсан. Ямар нэгэн алдах зүйлгүй болсон хүн хойно энэ жилээс би шилжилтэнд орохоор шийдсэн. Олон жил эхнэртэйгээ энэ тухай л ярьж, энэ тухай үл ойлголцон, энэ тухай өөр хэнд ч ярилгүй дотроо бугшсаар л байсан. Энхриймаа маань шилжиж эхэлсэн тэр мэдээг сонссон өдөр би түүний төлөө асар их баярласан ч өөртөө гутсан. "Ийм залуу хүүхэд ингээд зоригтой байхад чи энэ олон жил яав даа" гэж өөртөө гутсан. Тэр шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргачихсан би хэн ба юу гэдгээ, шилжилтэд мөн тун удалгүй орох тухайгаа ирээдүйн ажил олгогч маань болох магадлалтай компанийн удирдлагад хэлсэн. Урдаас минь янз бүрээр хэлж, газар дор ортол минь ямар нэгэн байдлаар доромжлох болов уу гэтэл нүүрний ч хувиралгүйгээр "Энэ бол таны хувийн л асуудал. Бидэнд хамаагүй. Та ажлаа л хийж чадаж байвал таны, хэний ч хувийн асуудалд бид оролцох ёс ч үгүй, эрх ч үгүй" гэдэг үгийг хоёр хүнээс нь сонсоод уйлмаар байсан. 

Энэ олон жил эмэгтэй хүн шиг байх гэж үнэхээр хичээж ядсан ч хэзээ ч чадаж байгаагүй. Эмэгтэйлэгдүүхэн оффисын хувцас өмсөх болгондоо бархирмаар байдаг байсан ч цалин хэрэгтэй, амьдрах хэрэгтэй, ээждээ нэмэр болох ёстой, эхнэрээ авч явах ёстой гэдэг бодол эргэлдэж, "Амиа бодож болохгүй, чамаас хараат олон хүн байгаа. Тэгээд угаасаа яг л байгаагаараа эрэгтэй костюм өмсөөд явахад хүмүүс намайг яах билээ, юу гэх билээ" гэдэг айдас, бодол маань дийлнэ. Ядаж л гага нь өөрийнх нь юм даа. Өөрөө өөрийгөө үгүйсгэж, өөрөөсөө нуугдаж ядаж байгаа надад хүмүүсээс байнга л "Чи эмэгтэй хүн байж эмэгтэйлэг байсангүй", "Чи дэндүү шулуун байна", "Өмссөн зүүснээ хар, эмэгтэйлэг бай", "Эмэгтэй хүн байж буулт хийсэнгүй", "Яаж сууж байгаа чинь энэ юм", "Чи өөрийгөө хэн гээд бодчихсон юм бэ. Чи наад алхаа гишгээгээ, юун танхай юм", "Эр эм нь мэдэгдэхгүй юм чинь", "Эмэгтэй хүн байж, эмэгтэй хүн байж, ЭМЭГТЭЙ ХҮН БАЙЖ..." Зөвхөн эмэгтэй гэдэг тодотголыг нь аваад хаячвал, хэрэвзээ сизжендэр эрэгтэй хүнээс ийм л зан төлөв гарч байсан бол Анараагийн үйлдлүүд "Ёстой ноён нуруутай, тас түс", "Элдэв наана цаанагүй, ёстой гүндүүгүй сайхан эр" л болж хувирна. "Би эмэгтэй биш шүү дээ" гэж орилмоор байсан ч би эмэгтэй л хүйстэй тул яах ёстой вэ. Өөртөө л гутна. Түүнийгээ дарна. Нууна. Тэр нь өөр байдлаар хаа нэгэн газар ямар нэгэн байдлаар гарч л таараа. Угаасаа ихэнх трансзалуучууд шилжилтэд орохоосоо өмнө огцом ууртай байгаад шилжилтэд орохоороо маш тайван болдог гэснийг би олон жил олон хүмүүсийн түүхээс уншиж байна. Шилжихгүй байлаа гэхэд би лесбиян эмэгтэйн дүр эсгээд, лесбиян гэж өөрийгөө хэлээд явж болох ч үнэн мөн чанар маань тэр биш ээ гэдгийг би олон жилийн өмнөөс мэднэ шүү дээ. Тиймээс л энэ жилээс шилжихээр шийдсэн. Надад хэдэн жил үлдээ билээ. Үйлийн үрээрээ амьдрах цаг ирчихсэн, болчихсон, өнгөрчихсөн. Үнэхээр л кальцийн дутагдлаас болоод байнга кальци хийлгэдэг байсан ээжийн минь өндгөн эс Y хромосомыг түлхээд ийм л биетэй төрчихөө л биз. Шинжлэх ухаан үсрэнгүй хөгжчөөд байгаа энэ үед харин миний үйлийн үрээр оноогдсон хүйсээр амьдрах боломж байхад яагаад би бусдыг л бодоод ингэж амьдрах ёстой гэж. 

Харин өнөөдрийн уулзалт, өнөөдрийн реакц надад дахин миний онол номер хоёрыг батлав. Би л өөрөө шударга байж чадвал, нээлттэй байж чадвал болохгүй зүйл байхгүй шүү гэж. Өөрөө нээлттэй байснаараа бусад ЛГБТ хүмүүсийнхээ төлөө элч төлөөлөгч болох ёстой шүү гэж. Өнөөдөр нэг компани ийм тайван хүлээж авлаа. Маргааш, ирэх жил, хоёр, гурав, арван жилийн дараа яагаад бүх газрууд хүнийг төрөлхийн хүйстэйгээ адил амьдраагүйгээр нь голох биш, зөвхөн мэдлэг чадлаар нь үнэлээд авдаг болохгүй гэж? ЛГБТ Төв маань мэдээж "Аюулгүй ажлын байр" санаачлагаа өргөжүүлсээр л байна. ЛГБТ хүмүүсийг үл ялгаварлах бодлоготой компаниуд өдрөөс өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Гагцхүү биднээс л, өөсрдөөс маань дэндүү их зүйл шалтгаалж буйг би дахин өнөөдөр мэдэрлээ. Баярлалаа, бахархлаа. Өнөөдрийг хүртэл амьд явсандаа баярлалаа, талархлаа. Бид өөрсдөө л гэм хийцэн хүмүүс аятай гэлбэлзэлгүй, өөрийнхөө мөн чанарыг нуулгүй, өөрөөрөө бахархан, нийгэмдээ оруулах хувь нэмэртэй болтлоо өөрсдийгөө хөгжүүлснийхээ дараа бардамаар "Би ийм хүн мөн. Гэсэн ч би ийм зүйлийг хийж чадна" гэх хэмжээнд очиход биднийг юу ч хязгаарлахгүй. Хэн ч, юу ч. 

Вашингштонд нэгэн транс залуутай уулзсан маань гурван сард. Тэр надад "Чи яагаад транс гэдгээ хүмүүст хэлдэггүй юм бэ?" гэхэд нь би ямар тэнэг хариу өгсөн гээч. "Цаг нь болоогүй" гэж. Гэтэл цаг болсон үгүйгээ хүн өөрөө л шийддэг юм байна, тэр нь басхүү гадны орчноос шалтгаалдаггүй юм байна гэдгийг би өнөөдөр мэдэрлээ. Дэндүү сайн мэдэрлээ. Тэгэхээр ЛГБТ хүмүүс минь, бүх зүйл биднээс л шалтгаална. Харин бид хүн шиг л, хүмүүст хүндлэгдэхээр л амьдрах ёстой. Тэгж байтал бүх зүйл өөрчлөгдөнө.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...