Sunday, May 1, 2011

"Үтрээний хүүрнэл", өнгөрсөн баларсан, эксүүд гэх мэт

Уржигдар сэтгэл удаан хөдлөөгүйгээр хөдөллөө. "Үтрээний хүүрнэл" гэж эмэгтэйчүүдийн эрхийг яруу тод тунхагласан жүжгийг уншиж байснаас үзэж байсангүй надад Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клубынхэн жүжгийг тавина гэдэг мэдээ бэлтгэл эхэлсэн өдрөөс ирж байсан ч будантсан сэтгэлийнхээ гүн гүнзгийд шигдээд, хайр дурлалаа улаан гараараа "алчихсан" учир хүний, хэний ч нүүрийг харах сөхөөгүй, ам нээвэл нүүрний бүх нүх сүвээс ус давалгайлан урсч байсан надад түүнд нь оролцох, гар хөл, ам хэлээрээ нэмэрлэх сэтгэлийн хат дутаад зөвхөн үзсүү гэж бодсон юм. Үзэж суухад арван гурван жилийн тэртээх өөр нэгэн орны өөр нэгэн жижигхэн театрын тайз харагдаад, тэр тайзан дээр суусан, сэтгэлзүйчтэй ярьж буй эмэгтэйн дүрийг гаргасан миний анхны эмэгтэйн царай, хоолой орж ирээд. Тэр минь манай ангийн охин, нэгхэн шөнийн янаг амраг, нийгмийн хэв хэмжээг байнга хамт эвдлэлцдэг анд минь байсан. Түүний тоглосон монолог бас л феминист монолог. Урт цамцаас өөр юу ч үгүй, дотоож ч үгүй тэрээр хөлөө ачин тайзны дунд ганцаараа буйдан дээр суун тоглож буй дүрийнх нь надад хандан хэлж байсан үг нь одоо ч тод: "Эрчүүд зөвхөн миний биеийг хүсдэг. Харин миний амраг, тэр намайг бүхэлд минь хайрладаг. Түүний хайрын галд улаан өнгө нь цасан цагаан болж хувирсан, хайр тачаалаар дүүрэн цав цагаан сарнайг тэр надад тэвэр тэврээр авчирч өгдөг. Тэгээд бид хоёр бие биеэ хайрлан, цав цагаан сарнайгаар дүүрэн өрөөндөө амраглан бүждэг". Цагаан сарнай монологийн эх бичвэрт байдаггүй юм. Зүгээр л миний хамгийн дуртай цэцэг цагаан сарнай. Харин "хайрын галд улаан өнгө нь цасан цагаан болсон" гэдэг хэсэг нь тэр үедээ миний хамгийн их уншдаг байсан зохиолч Жаннэт Уинтерсоны номын хэсэг байсан юм. Түүнд ганцхан удаа аваачиж өгч байсан ганцхан ширхэг цагаан сарнай минь түүний сэтгэлд тэвэр тэвэр байсныг сонсоод би чив чимээгүй уйлж билээ. Миний амьдралдаа авсан хамгийн том бэлэг түүний монолог, түүний надад зориулж оруулсан тэр хэсэг. Чамайг би одоо хүртэл сэтгэлдээ тээж явдаг.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...