Wednesday, May 4, 2011

Чихрийн хордлого, флуцинар, преднизолон г.м.

Би багадаа нүүрээрээ, хүзүүгээрээ, гар хөлөөрөө дүүрэн яртай хүүхэд байв. Арван нэгэн нас хүртэл чихрийн диатез, тэрнээс хойш нейродермит гэсэн оноштой баагий, мөнхийн маажаастай. Тэрийгээ өөрөө бол үнэн тоохгүй ээ, харин хүүхдүүд тэдэнд хүрэх төдийд халдчих юм шиг надаас шижиглэн баахан тойрч явчаад холдонгуутаа "Яран нүүрт! Яран нүүрт!" гэж орилолдоод л гүйнэ. Ялангуяа охид. Тэдэнтэй тоглоом, яриа, сонирхол эхнээсээ ухаан орсон үеэс хойш нийлж байгаагүй учир яртай байгаа үгүйг минь үл тоон ана мана, ач тач үзэлцэх банди нартай тоглож хүүхэд насаа өнгөрөөв. Банди нартай тоглоно ч, зодолдоно ч, зодно ч. Ээж аав нь манай ээж аавд ховлотол нь хааяа зодно. Ер нь охин шиг хүүхэд биш, багын л үсээ богино байлгах гэж уурлаж уцаарладаг, банзал даашинз энэ тэр өмсөх дургүй ч мэдээж социализмын үе хойно хоёр ажаагаас шилжиж ирсэн бүх хувцсыг нь заавал өмсөх ёстой болно. 19 нас хүртлээ өөртөө хувцас ч авч үзээгүй. За тэгээд л хөөрхий яран нүүртэй пацаан байсхийгээд л хордлого нь аймаар болж, хүн харахаас нүд хальтрам юм болно доо. Аргагүй л. Чихрийг ээж надаас олон юмны цаана, дотор, хойно баглаж, бөглөж, нааж, хаасан байсан ч заавал түүнийг нь олж аваад нэг суудал дээр хоёр гурван кил чихэр идчиж байгаа юм чинь. Сайхан зан хөдлөвөл эгчийгээ өрөвдөөд ганц нэг атга өгнө. Гэхдээ над шиг уйгагүй хөдөлмөрлөж эрж хайгаагүй хүнтэй юу гэж яг тэнцүү хуваалцав аж. Тэгээд л оройноос загатнаж өгнө, би ч урж өгнө. Цус нөжиндөө хутгалдсан царай муутай, маажууртаа уцаарласан пацааны айдаг ганц юм "Чамайг ингээд маажаад байвал Арьс өнгөний эмнэлэгт хэвтүүлнэ шүү". Яагаад ч юм үүнийг хэлж намайг айлгахдаа ээж аав хоёрын царай зүс сүрхий ноцтой. Тэгээд л тэр Арьс өнгөний эмнэлгээс нь үхтлээ айна. Маажихаа болино. Байнгын үргэлжийн мөнхийн загатнаа хүнийг аймаар стрессдүүлдгийг зөвхөн маажууртай баагийнууд ойлгоно доо, стрессдээд муухай аашилж байснаа бас болино. Тэгээд л ээж шээсээрээ намайг арчина, бооно. Шээсээ уулгана. Их бөөцийлнө дөө. Тэгснийх нь ачаар хөөрхий Анараа Арьс өнгөний эмнэлэгт хэвтэж байсан удаагүй. Харин зарим маажууртай үеэлүүдийн ээж аав нь тоохгүй хачин юмнууд бас хэвтэж байсан л санагдаж байна. Ер нь ээжээс өөр гэрийнхний бусад нь тэр үеэр надад бас ойртохгүй ээ, нил шээс ханхалсан энээ тэрээ гээд л. Манай цэцэрлэг, сургуулийнхан ч бас тэгж л байсан биз, яав гэж. Хүүхэд юм чинь шээсний эмчилгээ хийлгэж хийлгэчээд усанд орохоо мэдэхгүй л байгаа. Ээж аав ажилдаа яваад өгчихсөн хойно нь хичээлдээ явахаас өмнө надад хэн л сануулав аж. Өмхий, бас яран нүүртэй. За тэгээд ихэнхдээ шээсэнд дарагдахгүй ээ, тэгээд л нөгөө флуцинараа нялж өгнө дөө. Гарыг минь зөөлхөн даавуугаар хийсэн бээлийгээр ороож маажихгүй болтол нь хөдөлгөөнгүйжүүлээд унтуулна. Гэхдээ маажихгүй ч үрнэ гэж сайхан юмыг тэд мэдэхгүй л дээ. Зүгээр л өглөө болгон "За тэр дахиад л урсан байна. Хамаг орны даавуу цус" гэж ээж үглэнэ. Одоо болохоор "Чамайг ёстой харин янз бүрийн преднизолон, энэ тэр стероид хэрэглэхгүйгээр барьдаг байсан шүү" гэдгийн. Хамгийн инээдтэй нь ээж флуцинарыг одоо ч стероидын гаралтай гэдгийг нь мэддэггүй юм. Флуцинар нь ч, преднизолон нь ч стероид буюу тестостероны дааврын төрлийн түрхлэгүүд байсан байх юм. Миний энд тэнд, магад эм сүвтэнд байх ёсгүй газруудад хүртэл үстэй. Хоёр наснаас хорин нэг хүртэл байнга, дандаа, ихээр түрхсэн тэр стероидын үндэстэй флуцинараас болоод би бүр багын банди шиг байсан юм болов уу? Манай хажуу айлын хамт тоглож өссөн хүү намайг аравтайдаа билүү, арван нэгтэйдээ үсээ богионохноос богино халимаг болгочоод явж байхад "Чи яг банди аа, угийн банди шиг. Үсээ засцан чинь бүр яг банди" гэснийг нь үнэн том комплимент мэт хүлээж авч билээ. Чихрийн хордлого, стероидын тосууд аа гэж.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...