Tuesday, May 24, 2011

Үйлдвэрчин, ЛГБТ эрх, социализм, г.м.

Амьдрал өдөр ирэх тусам шинэ шинэ сюрпризээр дүүрэн бэлэг барих юм. Ёстой санаагүй, бодоогүй, мөрөөдөгүй газар. ЛГБТ хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангуулан хөдөлмөрлөх эрх, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаараа ажлын байрандаа үл ялгаварлагдах эрхийн асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч ажиллах ёстой талаар бид өнгөрсөн жилээс хойш бодон бодсоор хувьсгалын тохироо нь бүрдэж өгсөнгүй тул арай л амжаагүй юм. Харин энэ жил АНУ-ын Төрийн нарийн бичиг Хиллари Клинтоны Хүний эрх, иргэний оролцооны ахлах зөвлөх Монголд ирэхдээ хүний эрхээр ажилладаг томоохон байгууллагуудыг дуудан, түүндээ ЛГБТ Төвийг мөн багтаан дуудан уулзсан тэр уулзалтаар Роб Ганбаатар гуайтай биечлэн танилцлаа. Хамгийн сайхан нь гуравдагч хүмүүсээр дамжуулаагүй тул Ганбаатар гуайтай уулзах боломж шууд нээгдсэн юм. 

Роб энэ семестрийнхээ хичээлдээ дарагдсан байсан учир Баяа бид хоёр явж Ганбаатар гуайтай уулзах болов. Уулзлаа. Хүний хувьд дэндүү сайхан ийм л хүн байв. Өмнө нь телевизээр л харж байсан тэр хүнтэй уулзахдаа Баяа бид хоёр хоёр талаас нь ээлжлэн ЛГБТ хүмүүсийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар ярихад тэр хүнээс зөвхөн нигүүсэл, ойлголт л мэдрэгдэж байв. Тэрээр "Лондонд байхдаа би "Blue Elephant" гэж Тай ресторанд ажилладаг байсан юм. Ажиллаж байсан хүмүүс дунд нь ЛГБТ хүмүүс байхыг мэдээд эхэндээ их л гайхаж, жийрхдэг байв. Мэдэхгүй хүн чинь аргагүй л дээ. Харин таниад, найзлаад ирэхэд тэд үнэхээр л энгийн л яг л над шиг хүмүүс гэдгийг, магад зовлон жаргал үзсэндээ илүү хүнлэг, сайхан сэтгэлтэй хүмүүс гэдгийг нь харж мэдэрсэн юм. Харин тэр нийгэм тэр хүмүүст хүн ёсоор хандаж, хүндлэж байгааг хараад жинхэнэ хүнээ гэсэн нийгэм бүх хүнээ хүндэтгэдгийг ойлгож байсан. Бид хүний үнэ цэнийг дээдлэдэг нийгэм л юм бол ингэж төрсөндөө адлагдаж буй, иргэн болж төрсөн үүргээ гүйцэтгээд байгаа мөртлөө хүн утгаараа эрхээ бүрэн дүүрэн эдлэж чадахгүй адлагдан байгаа тэр ЛГБТ хүмүүсийн эрхийг нь хүндэтгэх, түүний төлөө дуу хоолойгоо өргөх нь бидний үүрэг. Үүрэг шүү" гэж хэлэв. Баяа бид хоёрын магнай тэнийгээд л, би хувьдаа бөөн бөөн баяр болов. Бараг л сарын өмнө би өөрийгөө транс, удахгүй шилжилтэд орох тухайгаа ирээдүйн ажил олгогч болох магадлалтай компанид хэлэхэд энийг маань энгийнээс энгийн зүйл мэт хүлээж авсан. Харин өчигдөр Монголын нийгмийн дэндүү олон хүний хөдөлмөрлөх эрхийг эдлүүлэхийн төлөө ажилладаг дэндүү чухал мандаттай иргэний байгууллагын ерөнхийлөгч биднийг ингэж ойлгож хүлээж авч байгаа нь дэндүү бахадмаар санагдсан. 

Үйлдвэрчний тухай ярихад миний хувьд заавал нөгөө л ангийн анализ хийгдэх ёстой болдог. Малчин эмээ өвөөгөөс төрж, их сургуулиа инженерээр төгсөн үйлдвэрт бүх насаараа ажилласан ээж, наймдугаар ангиа төгсөнгүүтээ амьдралын эрхээр дүү нараа өсгөж өндийлгөхөд гар хуруу нэмэрлэх ёстой гэж бодсон бодолдоо хөтлөгдөн гутлын үйлдвэрт ажилчнаар орж, дараа нь л оройгоор их сургууль төгсөн сэтгүүлч болсон ааваас төрсөн хүн, би. Тэр хоёрын улаан өнгийн үйлдвэрчний эвлэлийн үнэмлэхийг би одоо ч тод санаж байна. Тэр хоёр үнэмлэхээ үнэхээр нандигнадаг байсан юм. Магад социализм гэж үхэн хатан цогцлуулахаар зүтгэж байсан тэр үлгэр мэт зүйлийг нь тэр хоёрын намын үнэмлэхээс илүү тэр л улаан дэвтэр илэрхийлдэг байсан ч юм билүү. Социализмыг хүнд ба хүнлэг бус байдлаар хэрэгжүүлсэн болохоос биш ажилчин ангийн эрх ашгийн төлөө үүссэн үзэл суртал гэдгийг одоо хүмүүс мартсан. Бүх л болохгүй бүтэхгүй зүйлүүд бас л социалист нийгмийн бүтээгдэхүүн мэт үзэл залуусын дунд түгэсээр байхыг харах надад дэндүү харамсалтай санагддаг.

Нэгэн болсон түүхээс хуваалцвал: саяхан би АНУ-аар явахдаа үнэн тансаг айлд оройн зоог барив. Тэгсэн л "Обама Америкийг социалист болгох гэж байна" гэж гэрийн эзэн, эзэгтэй нар нь гөрддгийм даа. Гэтэл энгийнээр тайлбарлавал Обама эрүүл мэндийн даатгалыг бүх хүмүүст хүрэлцээтэй байхаар тогтолцоог нь шинэчлэхийг л оролдож буй хүн. Гэтэл түүнийг нь социалист гэж ойлгож байдаг. Ярьлаа "Би эмэгтэй биетэй төрсөнтэй яг адил Обама социалист үзэл сурталтай хүн биш шүү" гэв. Хэлэлцлээ, бараг л хэрэлдлээ. Хамт зоог идэж байсан надтай адил соц нийгэмд өссөн орчуулагч маань тэр хоёрт уурлаад бүр босоод явчив. Заяа бол юуны тухай яригдаж байгааг огтхон ч үл ойлгон үл сонирхоно. Би суусаар, хэлэлцсээр: "За яахав, хэчнээн Обама социалист биш байсан ч гэсэн тийм байлаа гээд төсөөлчихье. Тэглээ гээд социализмын яг юунаас та нар тэгтлээ их айдаг юм бэ?" "Социалист нийгэмд хүмүүс нь ажил хийхгүй бүгд л гэдсээ илээд л дээшээ хараад хэвтэнэ шүү дээ" гэдгийн. "Та нар үүнийг яг хаанаас сонсов? Яагаад ингэж бодов? Соц үед бид бүгд ажиллаж хөдөлмөрлөдөг байсан юм шүү харин ч. Одоо л ажил ч олох хэцүү болсон болохоос биш" гэж би уурлав. Тэр хоёрын жилийн орлого нийлээд нэг сая гурван зуун мянга доллар, бидэнд хэлснээр шүү дээ. Тэд зөвхөн өөрсдийн привилегийг алдахаас л айсан хүмүүс байсан юм.

Жаахан л илүү зүйл уншиж байгаасай, залуучууд минь, толгойгоо ажиллуулж байгаасай, залуучууд минь. Социалист бус капиталист тогтолцоо буюу нэг нь нөгөөгөө мөлжихийг, нэг нь нөгөөгөөсөө давуу эрхтэй байхыг хуульчилсан тэр нийгмүүд жинхэнэ сүйрэл авчирдгийг бид хамгийн сүүлийн жишээнээс Исландаас харлаа. Исланд нь нэг ч хувийн банкгүй, ихэнх томоохон үйлдвэрүүд нь төрийн өмчит, маш тогтвортой, маш өндөр нийгэм эдийн засгийн хөгжилтэй орон байлаа. 2007 он хүртэл шүү дээ. Харин 2007 онд Дэлхийн банканд зөвлөхөөр ажилладаг, мөн томоохон их сургуульд багшилдаг нэгэн эдийн засгийн профессор Исландын санхүүгийн тогтолцоонд дүн шинжилгээ хийгээд төрийн хэдэн банкнаасаа хэдийг нь хувьчил гэв. Хувьчиллаа. Хувьчлагдсан банкууд хөрөнгийн эргэлт үүсгэхийн тулд хувь хүмүүст сая саяар нь зээлдүүлж эхэллээ. 2008 оны дэлхийн санхүүгийн сүйрэл Исландаас эхэлсэн. Болоод л байсан зүйлийг гаднаас нь оролдсоноор ийм үр дүнд хүргэсэн. Мэдээж сайхан зүйл нь тэр хямралаас Исландыг гаргахын тулд лесбияныг төрийн тэргүүнээрээ сонгосон. Жоханна Сигурдардоттир зөвхөн эдийн засгаа тогворжуулаад зогссонүй, ижил хүйсийн гэрлэлтийн хуулийг ч батлаж өгөөд, өөрийнхөө ханьтайгаа гэрлэчихлээ. Шведыг аваад үз. Монголчууд тийш их зүтгэх болж, аргагүй шүү дээ, үнэхээр хүнээ гэсэн нийгэм учир. Гэхдээ тэр Нордик улсууд болох Швед, Норвег, Дани гэх мэт улсууд цөм холимог социалист тогтолцоотой улсууд гэдгийг би сайн мэднэ. Яриад байвал дуусахгүй. ЗХУ-аас бусад соц орнууддаа даалгаж хэрэгжүүлсэн социализм бус, тэр Нордик улсуудын социалист загвар Монголд яг одоо хэрэгтэй байна. 

Хамаагүй зүйлсийг хооронд нь холин барин олон зүйл дүгнэлтийг хүмүүс гаргаж сураасай. Яг над шиг :) Түр баяртай.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...