Saturday, May 28, 2011

Шийдвэр буюу онол номер 13

Өөртөө дүгнэлт өгч, хэн ба юу гэдгээ ойлгож, ухаарч, дотроо харсан, өөрөөсөө ухаарсан зүйлээсээ цаашдынхаа байх, амьдрах, амьсгалах аргаа хайгаад дөрвөн сар болж. Дотоод "би"-гээ мэдээж өөрчилшгүй. Тэр бол миний өнгөрсөн амьдрал, туулсан зүйлс, мөн бас нөгөө л үйлийн үрээс бүрддэг учир. Дотоод "би" маань эр сүвт болж төрөх ёстой байсан ч эм сүвт болж төрсөн хэрнээ тэр л үйлийн үрээрээ л явж буй, өөртөө ч, бусдад ч дэндүү шударга байхыг хичээдэг, хүмүүсийн хэлдгээр зарчимч, хатуу, адсага шиг, олон зовлон жаргал үзсэн, өөрийнхөө биеийг үзэн яддаг транс залуу. Хүн зөвхөн гаднахаа өөрчилж чадна. Дотоод Анараа хэрхэн яаж илэрхийлэгдэж байгаа буюу гадаад "би" болох "байх, амьдрах, амьсгалах арга"-аа хайгаад дөрвөн сар боллоо гэсэн үг. Товчдоо хэлвэл бүх хүн, бүх зүйлд дэндүү сэтгэлийнхээ гүн угаас ханддаг, хувь ч бай, хувьсгал ч бай бүх зүйлд амь, заяа мэт ханддаг, маргааш гэж байхгүй, "яг л одоо" гэж ханддаг тэр дэндсэн хандлагаа бага багаар тавьж явуулах ёстойгоо ойлгосоор дөрвөн сар өнгөрч. 

Хамгийн гол чухал дүгнэлт: уур маань ихэнхдээ өөрийн минь хэрээс хэтэрсэн гаднах хүчин зүйлээс үүсдэгийг энэ олон жил би анзаарсан. Гүн бат анзаарсан. Уур маань болох ёстой зүйл болоогүй, болохгүй байгаагаас ихэвчлэн үүсдэг. Зарим хүн үүнийг уур гэхээсээ илүү цөхрөл ч гэх биз. Уур маань бас шударга бус зүйлд үүсдэг. Өөрөөр хэлбэл зөв буруугийн хэм хэмжүүрт маань таараагүй зүйл болоход, тохиолдоход уур хүрдэг. Нөгөө л "ийм байх ёстой атал" гэсэн дэндүү хандлага. Харин сүүлийн үед тэр гаднах зүйл болж л байг, явагдаж л байг, түүнд тэгж их амь амьдралын минь тухай яригдаж буй мэт "дэндүү" реакцлах шаардлагагүйг ойлгосоор дөрвөн сар болж. "Дэндүү" реакцлахгүй байна гэдэг нь нөгөө талаас өөрийнхөө сэтгэл зүрхийг тэгж их зориулахаа болино гэсэн үг. Тэгж байж л юмс үзэгдэлд тайван хандах хандлага нь үүснэ. Сэтгэл зүрхээ бүх зүйлээс татаж авна гэдэг өөрийгөө нэг ёсны чулуужуулна гэсэн үг. Юу ч болж байсан, ямар ч шударга бус зүйл болж байсан уйлахаа болино гэсэн үг. Эмзэг нөхцөл байдалд байгаа хүмүүсийн төлөө санаа зовж, шөнө унтаж чадахгүй байдаг байсан бол тэгэхээ болино гэсэн үг. Тэдний зовлонг үүрэхээ болино гэсэн үг. Хүмүүс надад яаж ч хандаж байсан тэр нь надад ямар ч падлийгүй болно гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө сэтгэлийн амар амгалангийн төлөө амьдарна гэсэн үг. Тэр их "дэндүү" реакц яг ямар сайхан зүйл авчрав? Түүнийг тавьж явуулбал ямар зүйл дотор минь өөрчлөгдөх бол? Хүмүүст, хамгийн гол нь өөртөө цөхөрч, өөртөө гомдохоо болино. 

Арав хүрэхгүй хоногийн дараа би дааврын эмчилгээгээ эхэлнэ. Дааврын нөлөө дэндүү их. Эм сүвт төрсөн намайг дааврын хувьд эр сүвт болгож байгаа учир нөлөө нь хүчтэй л байлгүй яав гэж. Хэдхэн сарын дотор дуу хоолой өөрчлөгдөнө. Биеийн юм зогсоно. Биеийн өөх дахин хуваарилагдана. Нүүрээр батга шавна. Дөрвөөс зургаан сарын дараа үс сахал ургана. Шилжилтийн нас дахин явагдана. Хоёр гурван жилийн дараа яс маань сийрэгжиж эхлэнэ. Эм эрхтэнүүдээ авахуулаагүй цагт тэд нь хоргүй эсвэл хорт хавдартай болох магадлалтай ч дааврын эмчилгээг эхлүүлсэн л бол бүх насаараа үргэлжлүүлэх ёстой. Дааврын эмчилгээ хийгдэж байгаа тохиолдолд хүн маш тайван байх нь чухал. Ихэнх транс залуучууд дааврын эмчилгээнээсээ өмнө дэндүү их уур, бухимдалтай байгаад шилжилтээ эхлэхэд тэр нь зүгээр болсон гэж ярьдгийм билээ. Тэр олон жил өөрийнхөө биед гутаж, өөрийнхөө биеийг үзэн ядсан тэр үзэн ядалтын үндэс болох бие нь өөрчлөгдөхөөр уур нь алга болдог л биз. Нөгөө талаас тэр уур гэдэг зүйл бас л нэгэн төрлийн буруу, хорт зуршил учир хэчнээн өөрийнхөө биед сэтгэл хангалуун болж эхэлсэн ч уур нь зуршил утгаар дахин дахин сэдрэхийг үгүйсгэшгүй. Тиймээс би амьдралдаа анх удаа, үнэхээр анх удаа өөрийгөө л бодож, зөвхөн өөрийнхөө амар амгалангийн төлөө амьдарч эхлэхээр шийдлээ.

Онол номер 13: detachment instead of attachment.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...