Saturday, June 18, 2011

Өдөр 14

Хааяа бас монголоор шилжилтийнхээ апдэйт бичиж байя гэж бодов. Өнөөдөр дааврын эмчилгээ эхэлсний арван дөрөв дэх хоног. Өнгөрсөн хагас сайнаас ханиад хүрсний хүчинд биеийнхээ өөрчлөгдсөн үнэрийг бараг долоо хоног мэдэрсэнгүй. Хамар онгойгоод ирэхээр чиг л бас... Гарын алгаас үнэртдэг хөлсний маань үнэр хүртэл шал өөр болчихсоныг би гайхаад л сууж байна. Байн байн өөрийнхөө арьсыг үнэртээд л. Нохой шиг үнэрчийг ч хэлэх үү. Өөрийн үнэр өөрчлөгдөхөд ийм мэдрэг, эмзэг хүлээж авч байгаа юм чинь амраг хайрт бүр л хүндээр хүлээж авах нь ээ дээ. Өөрчлөлтүүд гэвэл бага багаар бүх зүйл явж л байх шиг байна. Биеийн үнэрээс гадна хамгийн их мэдрэгдэж буй өөр нэг зүйл нь сэтгэл санаа. Их тайван болж байна. Өөрт мэдэгдэхүйц. Нэг найзтайгаа хамгийн сүүлд гурван сард уулзсан байсан юм, Нью Йоркт. Тэр өнгөрсөн долоо хоногт намайг харж харж "Чи үнэхээр тайван болчиж, мэдэгдэж, мэдрэгдэж байна" гэсэндэг. Хуучин хайрт, амрагууд бүгд л сайн сайхныг хүссэн ч нэг нь таг. Ихэнх нь мэдэж байсан мэт. Мэдэхгүй ч гээд яалаа. Угийн л ойлгомжтой л байсан зүйл. Зарим нь намайг өөрөөр минь байлгахгүй гэж гүрийдэг байсан. Угийн л нэлээд пээдгэр, эршүүд алхаа гишгээ, биеийн хөдөлгөөнийг минь "Чамд зохихгүй байхад" гэнэ. Шулуун гүдэс занг маань "Яг эрэгтэй хүн шиг аашлахаа боль" гэнэ. "Зөвхөн тэдний хэм хэмжээнд таарах үед чамайг хайрлаж байсан нь чамд жинхэнэээсээ хайртай байсны шинж үү?" гэж би өөрөөсөө асууна. Хүн өөрийгөө мэдэрч байгаагаараа байх шиг жаргал үгүй. Хаана ч, хэзээ ч. Хэн нэгэнд хайрлагдахын тулд өөрийнхөө мөн чанараар байж чадахгүй байснаас бүх насаараа гомбын гозон толгой явсан нь дээр.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...