Monday, June 20, 2011

Онол номер 15: хүний тархины хүйс бичсэн зүйлээс илэрнэ

Их сонин, бас сонирхолтой зүйл өнөөдөр олж уншлаа. Миний онол биш ч онолуудынхаа тоонд шууд орууллаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай гэдэг нь ойлгомжтой. Тэр нь зөвхөн биологийн ялгаа юу
(жишээ нь нөгөө л тархинд даавар хэрхэн нөлөөлдөг тухай транс хүмүүсийн үүх түүхээс уншихад хангалттай)
эсвэл нийгэмшлийн ялгаа юу, эсвэл аль аль нь уу гэдэг тухай нейрофизиологичид
(транс хүмүүсийн тархины бүтэц өөрийгөө тодорхойлдог хүйсийнхтэй нь адил байдаг буюу транс эрэгтэй байлаа гэж бодоход сиз эрэгтэй хүнийх шиг тархины бүтэцтэй, харин транс эмэгтэй байхад сиз эмэгтэйн тархины бүтэцтэй ижил байдаг гэсэн маш олон судалгаа байдаг)
биологичид
(тэдний судлагдахуун маш сонирхолтой: ихэнх эмэгтэйчүүд XX, харин эрэгтэйчүүд XY хромосомтой байдаг ч түүний хажуугаар XO эмэгтэйчүүд, XXX эмэгтэйчүүд, XY эмэгтэйчүүд буюу Свайэрын синдром бүхий эмэгтэйчүүд, XXY буюу Клайнфелтерийн синдром бүхий эрэгтэйчүүд, XYY буюу супер эрэгтэйчүүд байдгийг тэд судладаг),
нийгэм судлаачид, феминистууд
(биологийн өгөгдөхүүн бол хувь заяа биш гэдгийг тэд 40 жил хашгирсны үндсэн дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа нь "зүй ёсны" ялгаа бус, ялгаварлалын үндэс болох ёсгүйг дөнгөж хүмүүс ойлгож эхлэж байгаа),
транс хүмүүс маргасаар.

Харин хэдэн жилийн өмнө Израилийн нэгэн дээд сургуульд хүний бичсэн зүйлээс тухайн хүн эр, эм аль нь болохыг мэдэх арга зүйг боловсруулсан байх юм. Бас адил судалгааг сүүлд АНУ-д хийсэн байна. Мэдээж 100% баталгаатай зүйл биш ч эрэгтэй хүмүүс нийгэмшлийнхээ явцад ямар үг хэллэгийг яаж хэрэглэдэг, эмэгтэй хүмүүс мөн л нийгэмшлийнхээ явцад ямар үг хэллэгийг хэрхэн хэрэглэдгээр нь бичиж буй хүний хүйсийг тодорхойлж болно гэж үзсэн арга байна билээ. Сонирхолтой нь алдартай зохиолчдын зохиолд хүйс шинжээчээр шинжилгээ хийхэд хэчнээн эрэгтэй хүний нэрээр зохиолоо бичсэн байсан ч тухайн зохиолчийг ерээс илүү хувийн магадлалтайгаар эмэгтэй гээд, харин эмэгтэй хүний нэрээр бичсэн байсан зүйлийн зохиолч нь эрэгтэй байсан бол эрэгтэй гээд гаргаад ирсэн гэж New Scientist дээр бичсэн байх юм. Тэгэхээр мэдээж бидэнд бэлгийн хүйс, нийгмийн хүйс байдагтай адил тархины ч хүйс байдаг ба тэр нь хүний бичсэн зүйлээс илэрдэг гэнэ. Монголын хэл шинжээч, судлаачид ийм судалгаа хийвэл бас л сонин үр дүн гарах боломжтой.

PS: Би англиар бичсэн зүйлсээ хүйс шинжээчээр шүүлгэхэд ганц хоёр бичлэгээс гаднах бүх бичлэгийг маань "эрэгтэй хүн" бичсэн гэж гарчээлээ. Сонин л санагдав. Шинжлэх ухаан аа гэж...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...