Thursday, June 30, 2011

7-р сарын 1

Сая Фейсбүүк дээр би хүмүүсээс "Та 2008 оны 7-р сарын 1-ний орой 19 цагт хаана байсан бэ?" гэж асуулаа. Бид юу болсныг санах ёстой учир. Тэр өдөр би 15 цагийн үед Азийн хөгжлийн банкны боловсролын READ төслийн даргатай уулзчаад Соёлын төвийн хойгуур Баянгол зочид буудлын баруун талд байдаг ажил руугаа алхаж явахад хоёр том автобус дүүрэн цагдаа Театрын музейн гадаа байсан. Бүгд нэг зүйлийг хүлээсэн. Стрессдсэн. Ихэнх нь цэл залуухан, дөнгөж л насанд хүрсэн үгүйтэй банди нар. Би ч юу болж байгаа юм бол гэж бодчоод ажил дээрээ очоод шигдэж авсан. Харин бүх зүйл эвгүйтэх үес буюу 19 цагт би ажил дээрээ сууж таарсан. Тэр өдөр нэлээд хийх юмтай учир манайхан 17 цаг гэж ажлын цаг тараад явцгаасан ч би сууж сууж гарсан. 20 цагийн орчимд ажлаасаа гараад дэлгүүрээр орж идэх уух зүйлээ цуглуулж байхад нэгэн эмэгтэй кассны хажууд миний ард байснаа: "Арай ч дээ. Арай ч дээ. Арай дэндлээ штээ. Хүмүүс лүү буудаж байна гэжээштээ" гэж палхийлгэдэг юм. "Юу, хаана, хэзээ, яагаад?!" "МАХН-ын байрны өмнө цугласан хүмүүс лүү резинэн сумаар гал нээгээд тархи толгойг нь задлацан байна гэж байна. Манай дүү сая тэндээс ярьж байна" гэв. "Бурхан минь гэж..." нөгөө автобус дүүрэн цагдаа тийм учиртай байжээ. 

Хүн өөрийнхөө үзэл бодлоо энхийн замаар илэрхийлж буйнх нь төлөө ингэж хүчирхийлж байгаа юм уу?! Сонгуулийн будлиан жил болгон л гардаг. Гэхдээ булхайцаад бас буудаад байгаа юм уу гэж огшоод ирсэн. Очихоор шийдлээ. Мянга мянган хүн тийш цутгаж байв. Хувьсгалын эхлэл. Хүчин мөхөсдсөн хүмүүсээр дэндүү дайжигнавал тэвчээр барагдана. Тэвчээр барагдсан залуус. Яг л над шиг. Чам шиг. Ухаантай. Сэхээтэй. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хүчирхийлэгдэх ёсгүйг яс махандаа шингээсэн залуус. Харин таксигаар дөхөж явахад талбайн хажуугаас эхлээд яагаад ч юм хоолой нэг л сонин болж эрвэгнээд... Тэгээд яагаад ч юм уйлж эхэлсэн. Зүгээр л нулимс асгарч байсан. Тэгээд тэр нулимс асгаруулах хий нь ингэж хол байхад нөлөөлж байгаа юм чинь гэж бодоод зогсолгүй цааш явж гэртээ ороод тэр оройдоо, шөнөдөө телевизээс салаагүй. Хамгийн сонин нь гэртээ очсон хойноо ч би уйлсаар л байсан. Тэр хүчирхийлэл, дараа нь тонуул, урлагийн галерейн галдан шатаалт, морин хуурын чуулгын дээрэм... 

Маргааш өглөө нь ажилдаа очиход хоёр хамт ажилладаг хүн маань "Тэр муу новшийн ардчилсан намын хулигануудыг баривчилсан нь болж. Хэн ч ингэж балмад байх ёсгүй. Даварсан юмнууд" гэж улайм цайм бидэн лүү ч хандан, хоородоо ч ярьж байхыг сонсоод ухаан балартахаа дөхсөн. Олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс шүү дээ, бусдаасаа илүү мэдээлэлтэй, сэхээтэй, ухаантай, ухамсартай байх ёстой хүмүүс нь ингэж байхад... гээд дахиад л баахан уйлсан, тэр өдөр. Би уураа барьж чадахгүй болохоороо уйлдаг байсан юм. Тэр өдрөөс хойш би тэр ажлынхаа хоёртой нэг их яриагүй. Хэзээ ч хүний хувьд ярих хүсэл төрөөгүй. Үзэл бодлоо энхийн замаар илэрхийлсний төлөө хэн ч хүчирхийлэлд өртөх, бүр тэр тусмаа хамгийн аймшигтайгаар амь насаа алдах ёсгүйг мэдэхгүй байгаа хүмүүстэй надад ямарваа зүйл ярих шаардлагагүй. 

Хар толбо. Түүхэн дэх хар толбо. Ард түмний урт ой дах тас хар толбо. Ардчилал, хүний эрхийн эсрэг хийгдсэн хамгийн аймшигт нүгэл. Угаасаа манай гэрийн утсыг чагнадаг байсан нь илт байдаг байсан ч тэр өдрөөс хойш хэдэн хоног бүр манай ажлын утсыг хүртэл чагнаж байгааг би, би байтугай бусад чагналтад өртдөггүй ажлынхан маань ч хүртэл хэлж байсан. Зөвхөн манай ажлын утас биш, бүх нийтийн утсыг чагнаж байсан юм билээ л. Айдас, хүйдэс... Хамгийн тод санаж байгаа зүйл нь зүгээр л бур ямар ч гэм хэнд ч хийгээгүй мөртлөө зүгээр л МАХН-ын эсрэг байр сууриа байнга хэнээс ч ичиж зоволгүй илэрхийлдэг намайг бас бариад авбал яана гэсэн утгагүй айдас хургаад. Тэгж тагнаж чагнаж баривчилснаараа ард түмнээ террорт оруулсан байсан.

Хойч үеийнхэн үүнийг санах ёстой. Хар толбыг бид арилгаж чадахгүй ч ядаж л юу болсон, яасныг бид санаж явах ёстой.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...