Saturday, June 25, 2011

"Boys don't cry" гэх мэт

"Boys don't cry" буюу "Хөвгүүд уйлдаггүй" нэртэй кино нь Тина Брэндон гэдэг жинхэнэ нэрээ Брэндон Тина болгон тонгоргож хэрэглэдэг байсан нэгэн транс залуугийн амьдрал, хайр, үхлийн тухай кино. Брэндон 1972 оны 12-р сарын 12-нд АНУ-ын Небраска мужийн Линколн хотод төржээ. Тэрээр өөрөөрөө буюу эрэгтэйгээрээ амьдрахын тулд Линколн хотоосоо нүүж, Хамболтод амьдарч байхдаа найз охиныхоо хойд эцэг, түүний найзад төрөлхийн эмэгтэй гэдгээрээ мэдэгдсэнээсээ болж хорин нэгхэн насандаа дэндүү аймшигтайгаар алуулсан. Харин 1999 онд буюу түүнийг бурхан болсны дараа зургаан жилийн ой дээр амьдралаар нь хийгдсэн "Хөвгүүд уйлдаггүй" кино дэлхийн үзэгчдэд хүрч, 2000 оны эхээр Оскарын шагнал авч байсан. Транс хүмүүсийн үл үзэгдэгч, үл харагдагч эрин энэ киногоор дууссан ч гэж хэлж болно.

Киног би 2000 оны 3-р сард Манилад хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг Ази Номхон далайн бүсийн санаачлагын хуралд суунгаа Филиппины анхны лесбиян байгууллага болох Can't Live in the Closet (CLIC)-ийн үүсгэн байгуулагч Анна Лиа Сарабиятай хамт үзэж байсан юм. Энэ бол транс асуудалтай тулгарсан миний анхны явдал мэдээж биш байсан. Арван наснаасаа хойш ухамсартайгаар өөрийгөө эмэгтэй хүүхэд гэдгээ мэдсэнээс хойш өөрөө өөрөөсөө ч нуусан байсан нэгэн нууц. Киног сүүл хэсэгт нь очиход үзэж чадахгүй нулимс асгарч ноль орсон ч тэндэхийн кинотеатр нь их боловсон, гарч буй киноноос хоцрохвий гээд дүрс биш байлаа гэхэд дууг нольд явуулахад чихээ дарж баахан уйлсан. Кино дуусахад л бүлцийсэн нүдтэй нолиос гарч ирсэн намайг Анна Лиа баахан гайхан харсан санагдаж байна. Дараа нь хэдэн жилийн дараа бас л түүх давтагдаж, Бямбахүүгийнд М-тэй үзэж байгаад бас л угаалгынх нь өрөөнд нулимсандаа хутгалдан киног бүхэлд нь үзэж чадаагүй. Тэр нь кино биш би, кинон дээрх үйл явдал биш миний амьдралын үйл явдалтай төстэй байсан учир... 

Энэ кино болон транс залуучуудын тухай би олон жил "Тэд транс биш, лесбиян л байхгүй юу" гэж хүмүүстэй маргалдсаар ирсэн. "Биш ээ, транс залуучууд чинь лесбиян л байхгүй юу" гэж үхтэлээ гүрийнэ. Учир нь би өөрөө өөрийнхөө транс байдлыг ч бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй, лесбиян хэвэнд цутгагдаад, эршүүд лесбиян болгон над шиг өөрийнхөө бие, хүйсийг үгүйсгэн амьдардаг гэсэн тэнэг бодолд автсан байсандаа л тэр. Гэтэл амьдралын явцад тэр нь үгүй гэдэг нь тэр үед жил хагас найзлаад салсан байсан эмэгтэйгээсээ харж л байсан. Тэрээр эршүүд, надаас ч илүү эршүүд хэрнээ хэзээ ч өөрийнхөө хүйсийг үгүйсгэж яваагүй. Хүүхэд гаргачихсан эх хүн юу гэж л тэгэж өөрийгөө бодоо аж. Гаднаа их эршүүд ч үнэхээр жинхэнэ эмэгтэй хүн байсан. Эмэгтэй биетэй төрчихсөн л юм чинь өөр яах ч аргагүй, хэчнээн үхтэлээ өөрийнхөө биеийг үзэн ядсан ч ямар ч аргагүй гэж бодсоор ирсэн маань 2004 онд өөрчлөгдсөн. Японд очоод ЛГБТ хүмүүсийнхээ дунд ороод, тэр дундаа транс залуучуудтай танилцаж эхэлсэн маань 2004 оны зун. Анараа бол өөрийнхөө биеийг үгүйсгэдэг, эмэгтэй гэдгээ үзэн яддаг, байнга эр сүвтэн байна гэж өөрийгөө зүүдлэдэг эршүүд лесбиян биш, харин трансжендэр залуу юм байна гэдгээ тэгэхэд би гүн бат ойлгосон. Бүх зүйл ойлгомжтой болж, дааврын эмчилгээнд орохоор ч шийдсэн байсан үе. Мэдээж шийдвэрээ тэр үед би биелүүлж чадалгүй 21 хоногийн өмнөөс л гүйцэлдүүлж эхэлсэн. Хүйс хэмээх өөрийнхөө мөн чанарын тулгуур нэгэн хэсгийг үзэн ядна, өөрийнхөө биеийг үзэн ядна гэдэг тийм амар зүйл биш. 19 настайд минь хүмүүс "Чи эмэгтэй хүмүүст хайртай юм уу, тээ? Харин харваас байсан юм аа. Тэгвэл чи энийг унш, энийг өмс, энийг сонс" гэж лесбиян хэвэнд цутгаагүй байсан бол, АНУ эсвэл аль нэг арай л транс хөдөлгөөн илүү хөгжсөн газар байсан бол энэ жил биш, бүр арван дөрөв, таван жилийн өмнө шилжилтээ эхлэх байсан. Гэлээ гээд оройтох зүйлгүй. 

Гурван долоо хоногийн өмнө Анна Лия надад "Чи гучин хэдэн жил эмэгтэй хүнээр амьдарсан юм чинь их сайн, жинхэнэ эр хүн болж чадна" гэж имэйл бичсэн байсан. Мэдээж тэр кино үздэг шөнө түүний толгойд орж ирээ. Анараа өөрийгөө үгүйсгээд, өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч чадаагүйдээ транс хүмүүсийг үхэн хатан үгүйсгэдэг байсан юм байна гэдгийг ойлгоо. Эцэст нь хэлэхэд хүйсийн баримжаа илэрхийлэл гэдэг зүйлийн тухай бид дөнгөж өнгөрсөн зуунаас эхлэж л ойлгож эхэлсэн ч, хүйс нь солигдоод төрсөн хүмүүс байсаар л байсан. Хүн өөрийгөө хэрхэн мэдэрч байгааг нь хүндэтгэлгүйгээр бид хүн төрөлхтөний хувьд ургашлахгүй шүү гэж.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...