Monday, July 18, 2011

Фааак, бас бус

Хөдөө ээжийндээ халтар царайлж царайлж ирлээ. Гэтэл хоёр сар илүүтэйн өмнө тасарсан халуун ус одоо хүртэл байхгүй. Наадмын өмнө ирнэ гэсэн, ирээгүй, наадмын дараа заавал ирцэрцэн л байж таараа гээд иртэл бас ирээгүй. Зөвхөн Монголд л иймэрхүү хариуцлагагүй үзэгдэл энгийнээс энгийн зүйл. Цөмийн бөмбөгдөлтөд л өртөөгүй бол өөр газар нийслэл хотынхоо бүхэл бүтэн томоохон үйлдвэрийн бус хорооллыг халуун усгүй хоёр сар илүү суулгана гэсэн ном байхгүй. Фаааак. Арай ч дээ. Тэгэж байгаад нэг сайхан усанд орчвол бүх зүйл сайхан болох гээд байдаг.

Ээж минь энэ жил намайг шилжилтээ эхэлнэ гэж мэдэж байсан ч 3-р сард миний өгсөн ультиматумаас хойш надтай яриагүйг нь "Одоо хүртэл надаас ичсээр байгаа учир надтай харьцахыг хүсэхгүй байна" гэж би ойлгоод шилжилтээ сар хагасын өмнө эхэлсэн ч дуулгаагүй байсан. Гэхдээ энэ дээшээ бүр их өөрчлөлт гарах юм чинь, хэзээ нэг цагт уулзах л юм чинь, 3-р сард хамгийн сүүлд харсан байтугай бүх насаараа харсан Анараагаас зүс төрхөөр өөрчлөгдөөд уулзвал дахиад зүрхийг нь хаах асуудлаар гэмтэн болох биз гэж бодоод очлоо. Эхэлснээ хэллээ. Одоогоор гарсан өөрчлөлт, цаашид гарах өөрчлөлт гээд олон зүйл сонсголоо. Хариу нь энгийн: "Чи юм ойлгохгүй харанхуй хүмүүст янз бүр болгуулчив, бусад нь яах вэ. Чиний үйлийн үр, түүгээрээ яв. Ер нь чи хийх гэсэн юмаа хийчихсэн Монголдоо, одоо амиа бод. Амгалан тайван амьдрахаа бодоод Монголоос яв". Намайг аюулгүй амгалан байг гэж санаа зовох, бас надаас ичих нь тавь тавин хувьтай л байдаг байх. Гэснээс өнгөрсөн жилийн сүүл ба энэ жилийн эхээр нэгэн транс эмэгтэйн ээж надруу дайрч давшлан "Миний зөвшөөрөлгүй хүүхдийг минь цөлдөг чи хэн бэ, хүүхдийн минь нэрийг барьж телевизээр олон долоон юм ярьж байсныг чинь харсан шүү" гэж дэндүү гэхэд дэндүү харалган, тэнэг, бас зүрх зүссэн агсам үг хаядаг юм. Нэг биш, хоёр удаа. Аргаа бараад "Дахиж ингэж дайрч давшилвал цагдаад өгнө шүү" гэсэн. Тэр хүүхэд ээжтэйгаа ярихгүй байгаад би лав буруугүй. Тэр ярихгүй байгаад нь бухимдах сэтгэлээ надад гаргаж байна гэдгийг нь би ойлгож, ээжийгээ тэр эмэгтэйтэй адил байдалд оруулахгүй юмсан гэсэндээ анхны алхамыг хийж өнгөрсөн долоо хоног ээж дээрээ очсон. Миний ээж хүмүүс лүү тэгэж агсардаг хүн биш л, гэхдээ л эхийн сэтгэл хэцүү. Тэр эмэгтэй харин ч агсарч чаддагтаа доторх бухимдлаа бусад руу цацаад тайвширдаг байх. Гэтэл ээж маань угийн л сэтгэл хөдлөлөө илэрхийлж сураагүй, бүх болж буй зүйлийг дотроо хадгалдаг хүн, доторхоо бас хүмүүстэй нээж ярьж сураагүй хүн. Бүр багынхаа жараад жил найзлаж буй найздаа ч зүрх сэтгэлээ нээдэг ч юм уу, үгүй ч юм уу.

Үеэл дүү маань харин намайг шилжилтээ эхэлснийг сонсоод "Би таныг сайн ойлгож байна. Боловсрол телевизээр хүйс нь солигдоод төрчихсөн, тэгээд дааврын эмчилгээнд орж хүйсийн шилжилт хийж байгаа хүний тухай би баримтат кино үзсэн" гэдгийн. Бас "Угийн л ЛГБТ хүмүүс төрдөг, эцэг эх нь бүр багаас нь сайн ажиглавал шууд мэдэгддэг гэсэн" гээд л. "Гэхдээ соц үед ээж аавууд хүүхдийнхээ хажууд байнга байж чаддаг байсан биш" гээд л. Таван сартай хүүгээ "Энэ яг гей юм шиг байгаа юм" гэж элэг татаагаад. Гэхдээ нээрээ л тэр муухай хүүгийнх нь баруун нүд нь том харагдсан шүү. Гэвч хүний нүдний том жижиг өөрчлөгдөх л байлгүй дээ, үеэлийнхээ хүүг харж л байя. Тэгээд баахан хүүхдийн сэтгэл зүйн талаар үзсэн харсан зүйлээ надтай хуваалцахад нь бас л нэг сонин зүйл ой ухаанд сэргэсэн шүү. Охид ээжийгээ хөхөж байгаад өвтгөчлөө гэж бодоход ээж нь "Ёо ёо" гэхэд охин хүүхэд шууд уйлдаг, харин хөвгүүд ямар ч мэдрэмжгүй гөлийгөөд, гайхаад л байдаг гэнэ. Би их л багадаа юм даг, нэг нас хүрсэн байсан уу, үгүй юу, ээжийнхээ мээмийг хөхөж байхдаа хажуугийн ширээн дээр байсан хутга атгачихсан байсан гэсэн. Тэгэхээр ээж түүнийг нь авах гэхэд нь би хутгыг угз татаж, ээжийнхээ хурууг зүсээд, цус олгойдож, ээж орь дуу тавихад нь яагаа ч үгүй мэт гайхаад хараад байсан гэдгийг ээж хэлдэг байсан юм. Угийн л зэвүүн хүүхэд байж л дээ. Хүүхэд гэж гэхдээ их сонин, өөрт нь таалагдсан зүйлийг хамгийн сайн санаж үлддэг юм байна гэж бодоод байгаа юм, сүүлийн үед. Надад хүмүүс бага байхад минь маш олон тоглоом өгдөг байсан ч тэр олон тоглоомоос галзуу гоё, одоо хүртэл санаанаас гардаггүй нь том эгчийн надад өгч байсан ганган улаан машин. Надад ээж аав машин авч өгдөггүй, харин би их л гуйж, дуулсан болоод л эгч надад авчирч өгсөн байх. Таван настай байсан юм болов уу, ямар ч байсан Оросоос ирээд бас нэг их удаагүй байсан санагдаж байна. Хамгийн гоё бэлэг байж билээ, тэр машин. Тэр хавийн банди нарт ч байдаггүй гоё машин. Гээл багын сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйлээ ээждээ ярихаар юу ч санадаггүй, ажил ажил гэж гүйсээр өөрийнхөө биеийг бие биш болтол хөдөлмөрлөж, социалист таван жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлэхийн төлөө нойр хоолгүй зүтгэдэг байсан үйлдвэрийн хүн байсан болохоор арга ч үгүй биз дээ. Би санахгүй, зөвхөн ээж аав санах зүйлүүд бас байдаг ч ээж аав нь тухайн үедээ ажил, эсвэл өөр шалтгаанаас болоод хүүхэддээ анхаарахгүй бол том болоод тэд нь хүүхэд насаа юугаар дүрслэх вэ. Бусад айлд байдгаас илүү бид хэдийн зураг манайд байдаг ч тэр бас л хангалттай биш. Тэр зургуудыг харахаар Анараа гэж хүүхэд яг банди. Яахав, жаахан хөөрхөндүү банди. Зарим палааж малааж өмсүүлцэн зургууд нь бас л үнэн авцалдаагүй, хөөрхий. Харин яаж явж явж ихэнхдээ өмд өмсүүлчихдэг байсан юм. Палаажийг нь өмсөхгүй л гэж орилдог байсан даа. Ээжийн миний бага наснаас хамгийн их сайн санадаг зүйл нь Анараа хүүхдүүдийг зоддог, хүүхдүүдийнх нь ээж аав манай ээж аавд тэрийг нь ховлодог. Гэхдээ хэзээ ч охидтой тоглож чаддаггүй байсан болохоор охидуудыг зоддог байгаагүй. Зодуулсан банди нарын ээж аав 3-4 настайгаас эхлээд л "Танай хүүхэд манай хүүхдийг ингэсэн байналээ, тэгсэн байналээ" гэхийг нь сонсоод ердөө юм боддоггүй ээж аав маань сайхан гарууд шүү. Тэгээд болоогүй ээ, цэцэрлэг эсвэл сургуулиа тарчаад гэртээ ирээд хүүхэд зодсоноо гайхуулдаг байсан гэсэн шүү, үнэн сахилгагүй. Тэгээд гэнэт 10 настайд биеийн юм ирээд гэнэт гэрээс гарахгүй, гэдэс алдахгүй хүүхэд болж хувирсандаа, хөөрхий.

2 comments:

  1. bagiin dursamj interee neeree suhuhuur bi transjender gedegeee ulam iheeer medreh yum daa daan ch geriihan,,,,?

    ReplyDelete
  2. Ганц амьдардаггүй энэ сансрын хүрдэн дэх амьдрал үхэл ба үүнд багтах бүх зүйл зөвхөн үйлийн үрийн хуульд захирагддаг. 6-р сард шилжилтээ эхлэх ёстой гэсэн шийдвэрээ би эргэлт буцалтгүйгээр гаргасан даруйд Монголд энэ олон арван жил бараа нь байтугай үнэр нь ч байдаггүй байсан тестостерон Монголд хэдхэн хоногийн өмнө орж ирснийг сонсоод би гайхаагүй. Энэ бол зөвхөн үйлийн үр. Болох ёстой зүйл болж байгаа хэрэг. Хэнд ч муу зүйл хийгээгүй, хүнийг сэтгэл санаа, эд материалаар хохироогоогүй миний л үйлийн үр боловсорсон хэрэг. Чи гэр орныхныхоо өмнөөс амьдраагүй, тэд ч чиний өмнөөс амьдраагүй. Хүн тодорхой гэр орон, төрөл садан дунд төрдөг ч чиний хувь заяа бол зөвхөн чиний л хувь заяа, үйлийн үрээс шүү.

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...