Tuesday, July 26, 2011

Долоон долоо хоног хагас

Нэг экс ямар ч реакцгүй байсаар байгаад нь би санаа зовсондоо өнөөдөр утасдав. Тэгсэн утас маань солигдоход шинэ утсыг маань бичиж авалгүй толгой нь эргэсэн байсан гэнэ. Ойрхондоо нэг уулзахаар боллоо. Тэрэнтэй нэг уулзаж сүүлийн үед амьдралд маань өрнөж буй бүх зүйлсийг хуваалцан сэтгэлээ нээвэл арай л онгойх юм шиг санагдаад. Бишүүрхэнгүй л дуугарна билээ. Нэгэнт дааврын шилжилт маань эхлээд долоон долоо хоног илүү болчиж. Олон зүйл анзаарагдаж байна. Жагсаавал:

Сэтгэл санааны байдал: хамаагүй илүү тайвширсан минь надад мэдрэгдэж байгаа. Гэлээ ч випассана сурах хүсэл хэвээр. Илүү амарлингуй болвол надад л сайн. Өмнө нь хагартлаа бухимддаг байсан Анараа байхгүй. Бухимдал уур нь бүрмөсөн алга болоогүй ч хамаагүй бага хэмжээ, хүчтэй болсон байна билээ. 

Дуу хоолой: мэдэгдэхүйц өөрчлөгдсөөр. "Удахгүй умзад хоолойтой болно оо, хөгшин нь" гэж Бааяаг хааяа инээлгэнэ. Хоолойн бүтэц өөрчлөгдөж байгаа бололтой, ер нь хоолой бүхэлдээ, ялангуяа төвөнх хавиараа жаахан зовиуртай гэх үү, зовиураасаа илүү бадааралттай ч юм уу гэмээр мэдрэмж байнга. 

Үс: дээд уруулан дээр байдаг хэдэн үс улам л хар, улам л бүдүүн болоод байгаа мэт.  Бусад газар илүү үс ургасан нь одоогоор харагдсан анзаарагдсан юм алга. Харин толгойн үс маш их унасаар байгаа. Яг Т-той холбоотой үс уналт уу, эсвэл зүгээр л тохиолдол уу, хэлж мэдэхгүй.

Булчин шөрмөс: эмчилгээнээс өмнө зүүдэг байсан туласи хүзүүний зүүлт маань хааяа харахаар дээшилчихсэн мэт харагдаж байгаа. Дээшилнэ ч гэж юу байхав, хүзүүний булчингууд л хөгжиж байгаа юм байлгүй. Гар хуруу бол бас л нэлээд бадааралттай. Хавагнаад байна уу даа гэж жоохон санаа зовсхийгээд анзаараад байгаа ч үгүй л юм шиг байна. Дааврын эмчилгээний үеэр хаван байдаг үзэгдэл учир анзаараад байгаа юм. 

Хамгийн чухал нь: энэ сараас сарын тэмдэг зогсч байгаа бололтой. Бөөн баяр. Бусад транс залуучуудтай ярихад зарим нь эмчилгээ эхэлснээс хойш нэг л удаа, зарим нь 2-3 сар ирээд зогссон гэх юм билээ. Зарим нь бүр 5-6 сар, үнэн гомдмоор. Эсвэл нэг Т бэлдмэлээс нөгөөрүү шилжихэд, үнэн гутармаар. Нэг л удаа ирээд бүрмөсөн дуусдаг азтай баагийнуудын нэг нь байгаасай гэж хүснэ, найдна. Гэхдээ л миний бие яг бэлэн болчихсон байсан нь ойлгомжтой. Хүн бие организмаа хүртэл оюун бодлоороо жолоодож чаддаг учир. Тийм болохоор ямар ч өөрчлөлтүүд гарсан их хурдан гарч, бас би өөрөө ч тэдгээрийг их эергээр мэдэрч байгаа байх. Ганц зүйлийг л эергээр мэдэрч чадахгүй байгаа нь донтой хүн шиг байнга секс бодож явдаг болсон. Ядаргаатай. Тэгээд энд тэнд явахаараа өлөнтөөд хүүхэн ширтээд, янз бүрийн юм өнгөтөөр гар хуруунд мэдрэгдтэл, үнэрттэл, амтагдтал толгойдоо ургуулан бодоод, шал ядаргаатай... Өмнө нь байнга тэгэж секс боддог хүн байгаагүй юм билээ. Мэдээж амраг хайрттайгаа секс хийхийг хүсэлгүй л яахав. Гэхдээ шал танихгүй эмэгтэйчүүд дээр л тачаадаад байх нь нэг л биш санагдаад. 24 цагаас унтахыг нь хасаад бусад цагийн ихэнхэд нь л бараг юм биш үү. Хэрэв сиз эрэгтэйчүүд мөнхийн ийм байдалтай байдаг бол бас л арай л хэцүү юм. Гэхдээ энэндээ хүн дасдаг л байлгүй дээ. Ямар нэг байдлаар энэ нь багасдаг байлгүй дээ... Үгүй бол мөн балрав аа хэхэхэ

Батга: наадмаас хэд хоногийн өмнө гэнэт ухаан орсон хүн шиг найзынхаа хэлээд байсан батганы эсрэг антибиотик бэлдмэлийг нь олж аваад түрхээд машид дээрдсэн нээрээ. Тослогийг нь ч бас тодорхой хэмжээгээр багасгадаг бэлдмэл юм билээ. Шилжилтийн насны батгашилтаас болж зовж байгаа бусад хүмүүст хэлэхэд Albiotin гэж клондамицинд үндэслэсэн батганы эсрэг бэлдмэлийг Монфа оруулж ирдэг юм билээ, антибиотикийн харшилгүй бол нэлээд сайн нөлөөтэй юм билээ шүү.

2 comments:

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...