Monday, September 5, 2011

Дөрөв дэх сар эхэллээ

Шилжилтийн апдэйт монголоор хийгээгүй бас удаж. Өнөөдөр эхэлснээс хойших дөрөв дэх сар эхэлж байгаа учир бичихээр шийдлээ. Бас нэгэн хайрынхаа талаар дурсмаар санагдлаа.

1. Намайг залуучууд их харах болсон байна шүү, бүү үзэгд. Анзаарвал дандаа баруун нүд нь том баагийнууд намайг харцан явж байх юм. Инээд ч хүрэх шиг. Хамгийн инээдтэй нь Мистер Бьютий дээр нэг гольфын цамцтай баагий намайг хэчнээн удаан харав. Хажуугаар эхлээд өнгөрсөн юм. Тэгсэн дараа нь бүр урдаас харцан сууж байвал яахуу. Хажуудаа байсан нэг охинд "Тэр хүн намайг гей залуу гэж бодоод түрүүнээс хойш хараад байна" гэж хэлж элгийг нь хөшөөв. Сонин, инээд хүрмээр үзэгдэл учир эхэнд оруулав.

2. Үсжилт. За тэгээд удам судар, генээ дагаад хар хүрэн баавгай төрхөнд нэг хоёр жилийн дотор орох нь тодорхой болов. Учир нь сарын өмнө нэг ажтал гэдэс, цээжээр дүүрэн үс ургаж эхэлж байсан. Сахал самбаа бол ярилтгүй, хусахаас өөр аргагүй болсон. Гуяараа тийм их үстэй байгаагүй ч байсан нь шигүү бас бүдүүн ширхэгтэй болсон харагдана билээ. 

3. Дуу хоолой. Ер нь бол удаан уулзаагүй зарим хүмүүстэй уулзахад намайг шилжилтээ эхэлснийг мэдсэн хэрнээ жоохон цочирдоод байх шиг санагдсан. Өөрт минь гэвэл их юм удаан ярьж чаддаг байсан ч одоо их ба удаан ярихаар хоолой ядардаг болсон байлээ. Эсвэл чанга ярих гэхээр хоолой шууд ядарчээлээ. Ер нь намдуухан умзад хоолойтой болох нь шиг байна, энэ янзаараа.

4. Сэтгэл санааны байдал маш тайван хэвээрээ. Урьд нь дүрсхийчих байсан зүйлүүд дээр ч ер нь л гүндүүгүйхэн болчихсон юм уу даа гэж өөрийгөө харж байгаа. Гэхдээ нөгөөтэйгүүр дүрсхиймээр зүйлүүдээс хол явахаар шийдсэн. Хол явж байгаа. Болж байна. Хамгийн чухал зүйл бол би өөрөө л юм байна гэдэг мэдрэмжтэй сэрэх, өдрийг өнгөрөөх гэдэг миний хувьд анх удаа мэдэрч буй зүйл учир их сайхан байгаа. Нээрээ л өөрийнхөө төлөө амьдарч үзээгүй надад ийн амьдрах нь амар л байна. Удахгүй гэгээрэх шинжтэй :)

5. Толгой хааяа өвдсөн хэвээр. 

6. Биеийнхээ шинэ үнэрт арайчуу гэж дасч л байна. Гэхдээ ямар ч лесбиян надад одоо хүрэхээргүй тийм үнэртэй болсон. Хөлрөхөөр ээ бүү үзэгд, огиод байгаа юм биш үү.

Ер нь л болох ёстой зүйл болохоороо болж өрнөж байна. Өнгөрсөн долоо хоног гурван хоног ходоод мушгиж үхэнгээ алдсаныг эс тооцвол. Яагаад гэдгийг мэдэж л байна. Гэхдээ тэр нөхцөлийг дахиж мэдрэхгүйгээр зохицуулалт хийсэн. Одоо болно зүгээр. Ханасан. Цадсан. Дууссан. 

Ходоод өвддөг гурав дах өдрийн өглөө яг тийм, яг дууссан гэж байгаа юм шиг миний анхны хайр зүүдэнд орж ирсэн. Тэр бүсгүй миний их сайн найз байснаас хэзээ ч амраг минь байгаагүй. Гэхдээ би түүнд ухаангүй хайртай байсан. Нэлээд олон ч жил. Зургаа долоон жил. Хайрын харилцаа дуусах болгонд тэр л миний сэтгэлд эргэж орж ирдэг байснаараа дахиад л орж ирсэн. Тэгээд л "За за, үнэхээр дуусч" гэж би ойлгосон. Би түүнд хайртай хэвээр энэ 15 жилийг өнгөрөөсөн үү гэвэл мэдээж үгүй. Гэхдээ яагаад сэтгэлд тийм ойрхон байдгийг нь мэдэхгүй. Дахиад нэг түүнийг харах юмсан. Нарийхан хуруутай, зөөлөөн гарыг нь атгаж суух юмсан. Өвөлдөө Монгол шиг өвөлжихгүй ч хааяа гар нь аймаар даарцан байна, түүнийг нь барьж, хааяа амьсгалаараа бүлээцүүлдэг байснаараа бүлээцүүлмээр. Үсээ надаар засуулна. Үсийг нь засахдаа өөрт нь мэдэгдэхгүйгээр толгойг нь үнэрлэдэг байснаараа үнэрлэмээр. Биед нь ойрхон зогсоход согтом ялдам үнэрэнд нь хамаг бие чинэрээд, заримдаа энд тэнд нь цөм цөм хайчилчихна. Шингэн хар очир нүдлүү нь хараад л, юу ч хамаагүй ярьмаар. Мумбай явж ирээд нэг их удаагүй би хэдэн хоногоор эргэж явж нэг хуралд суучаад ирэхэд тэр яагаад ч юм шигүү, уртаас урт, хацар дээр нь гүн сүүдэр үлдээдэг байсан сормуусаа юу ч үгүй хайчилцан байсан. Намайг түүнээс сэтгэлээ хөндийрүүлэн өөр хэн нэгэнд татагдах төдийд тэр яагаад ч юм өөрийнхөө гоо сайханд ямар нэгэн зүйл хийдэг байсан. 

Тэр надад хайртай байгаагүй, яаж тэгэх билээ. Гэхдээ л тэр бид хоёр дэндүү гэхэд дэндүү ямар нэгэн зүйлээр холбоотой байсан. Би түүний тухай зүүдэлсэн зүүд болгон минь үнэн болж таардаг байсан. Гэхдээ хоёрхон зүүд л биелээгүй байна. Биелэх ч үгүй биз. Нэг нь арван хэдэн жилийн өмнө зүүдлэсэн тэр намайг үнсч сэрээсэн зүүд. Нөгөө нь хэдхэн хоногийн өмнө зүүдлэсэн тэр зүүд. "Тэр олон жилийн өмнө би чамд ухаан мэдрэлгүй хайртай байсныг чи мэдэх үү?" "Мэдэлгүйдээ. Чи хэлэхгүйгээр бүх байдлаараа үзүүлдэг байсан зүйлийг би мэдэхгүй өнгөрөв л гэж. Гэхдээ тэр үед би чиний хайрыг хүлээж авах чадваргүй байсан." "Одоо юу өөрчлөгдсөн юм бэ?" "Би чиний хайраас одоо ичихээргүй болсон" 

Шилжилтдээ орсноосоо хойш түүнд захиа бичээгүй байж байгаад түүнийг зүүдлэсэн тэр өглөө сэтгэл хөдлөн сэрээд түүнд бичихэд тэр дор нь хариулахдаа урьд өмнө нь хариулж байгаагүйгээрээ урт захиа бичсэн байсан. Намайг энэ жилийн эхээр дэндүү хэцүү байхад мэдэрсэн юм шиг жилдээ хоёр удаа бичдэг имэйлээ байгаад, гурва дөрвөн удаа "Чи зүгээр үү. Яаж байна" гэж бичсэн. Гэхдээ бид дахиад уулзалдахгүй биз дээ. Уулзвал түүнээс хол амьдарсан арван хоёр жилээ нэг нэгэнгүй ярина. Сайнтай, саартай, инээдтэй, эмгэнэлтэй бүхнээ. Яг өмнөх шигээ. Тэр харин намайг чимээгүй сонсдог байснаараа сонсоно. Инээнэ. Оюутны байраар дүүрэн, хүмүүс цочиж сэртэл, зөрөөд явж байвал эргэж хартал инээдэг байснаараа инээнэ. Нисэхээсээ өмнө гэрлүү нь залгаж, түүний хоолойг сонсоод амьсгал авч чадахгүй уйлж байснаа санаж байна. Түүний сэтгэлд би гэдэг хүний жижиг орон зай байсаар байдгийг би сайн мэднэ. Яагаадыг мэдэхгүй, тэр надад хайртай байгаагүй. Минийхэд ч бас, гэхдээ би түүнд хайртай байсан.

8 comments:

  1. Сайхан бичсэн байна. Эрэгтэй гей хүмүүсийн талаар би бараг энгийн юм шиг хүлээж авдаг боловч эмэгтэй хүмүүсийн талаар надад бүгд шинэ сонин содон байна. Бас ойлгоход минь чиний блог их тус болдог шүү. Одооо Юна нэртэй болсон Энхрийгийн блогын уншигч би. Эмэгтэй болж байгаа эр хүн, эрэгтэй болж байгаа эм хүн. Юна чамаас арай эрт эхэлсэн байх шилжилтээ. Амжилт шүү, зорьсондоо заавал хүрэх эрч хүчтэй хүн шүү.

    ReplyDelete
  2. Баярлалаа Бөбөг өө. Гэхдээ энд нэг том гээчийн зүйл жаахан андуураад байна. Трансжендэр хүмүүс хүйс нь солигдоод төрчихсөн хүмүүс учир өөрийгөө мэдэрдэг хүйслүүгээ шилждэг. Түүнээс биш эмэгтэй болж байгаа эр хүн, эсвэл эрэгтэй болж байгаа эм хүн ер биш. Доторхоо гаднаа гаргаж байгаа гэх үү дээ. Болно гэдэг үг чинь байгаагүй зүйл шинээр бий болж байгаа мэт агуулгыг агуулдаг. Бид байгалийн алдааг засч байна л гэж хэлдэг. Түүнээс болоод байгаа зүйл байхгүй л дээ.

    ReplyDelete
  3. би ч подкаст сонссоод байгаа болохоор бас сонин биш байгаан,, ойрдоо уулзаагүй хүмүүс чинь үнэхээр хоолой чинь бүдүүрснийг яриад л байгаа байх,,

    ReplyDelete
  4. @Цагаанаа хэхэхэ тийм байх. Манай олон нийт үнэхээр diverse гэдгээ мэдэх цаг нь болсоон. Мартсанаас мал мэнд үү гэгчээр өчигдөр крийя хийхэд сонин сонин дуу авиа гэх мэт зүйл гарсан уу?

    ReplyDelete
  5. крия хийсэн, инээгээд тэгэээд нүүр таталдаад байсан, 5 жилийн өмнө явжаахад аймар гар татаж байсан,, энэ удаад гайгүй таталдаж байлээ,, тэгээд нэг нэгнийхээ дууг авцгаагаад инээгээд л байсан, инээгээд л байсан

    ReplyDelete
  6. mmm, texeer xvis n soligdson gj bga bolowch setgel zvrxeeree uur xvisiin bolowch bie maxbodi n yaalt ch vgvi esergeeree bga shvde. Terniig ogt uur bie maxbodi bolgoj bga shvde. Eniig bi sain oilgoxgvi bx um, tailbarlaj ugnu vv.

    ReplyDelete
  7. Дуртайяа тайлбарлахыг хичээе Бөбөг өө. Ердөө л хүйс гэдэг зүйл чинь яг юу вэ гэсэн үндсэн тодорхойлолтоосоо эхлэх хэрэгтэй. Хүйс гэдэг зүйлийг амьтны ертөнцөд зөвхөн даавраар тодорхойлдог. Ихэнх сээр нуруутанд төрөлхийн хүйс нь тогтмол буюу бүх насаар нь нэг байдаг ч зарим загас эр төрчөөд эм (protogyny), эм төрчөөд эр (protandry) болдог. Омгийн эр нь үхэхэд хамгийн том биетэй эм нь шууд бие нь томорч, эр загас шиг үйлдэл хийж эхлэх ба 10 хоногийн дотор үрийн шингэн ялгаруулж эхэлдэг. Нэг эр загас үхсэн нь хамгийн том эм загасны хүйс автоматаар солигдоход хүргэдэг гэсэн үг байгааз. Тийм загас далай тэнгисээр дүүрэн байна гэнэ http://www.nytimes.com/1984/12/04/science/sex-change-in-fish-found-common.html Тэгүүл ер нь яг хүйс гэж юу болох тухай шинжлэх ухаан одоо хүртэл бүрэн нэгдсэн ойлголтод хүрээгүй л байгаа, ямартаа ч зөвхөн хоёр туйлт зүйл биш гэдгийг бага багаар ойлгож эхэлсэн. Мэдээж хүйс гэдэг зүйлд дотоод даавар, гаднах төрх буюу хоёрдагч бэлгийн тэмдгүүд болох хөх, сахал энэ тэр, мөн бэлэг эрхтэн буюу гонад бүгд л орно. Гэхдээ ослоор бэлэг эрхтэн нь гэмтцэн хүнийг бид эрэгтэй гэж тооцсоор байдаг. Яагаад? Тухайн хүн эр даавар ч үгүй, гонад ч үгүй болсон ч тэр хүн сэтгэл санаагаараа эр хэвээрээ учир. За тэгээд эсийн түвшинд ярий. Ихэнх эмэгтэйчүүд XX хромосомтой, ихэх эрэгтэйчүүд XY хромосомтой байдаг ч XX хромосомтой хэрнээ гаднаас нь харахад эрэгтэй, XY хромосомтой хэрнээ гаднаас нь харахад эмэгтэйчүүд бас байна. XO хүртэл хромосомтой эмэгтэй харагддаг ч үнэндээ ямар ч эмэгтэй дотоод эрхтэнгүй хүмүүс байна. Гэх мэт. Тэгэхээр хүйс гэдэг зүйл чинь өөрөө зөвхөн эм, зөвхөн эр гэж хоёрхон туйлаас хальсан зүйл гэдгийг бид шинжлэх ухааны хувьд мэдэх болсон үед яг эр байна гэдэг нь юу гэсэн үг үү, яг эм байна гэдэг нь юу гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирдэг. Транс хүмүүсийн хувьд тэгвэл транс байдлыг нейрофизиологийн үүднээс судлаад бидний тархи нь эхийн хэвлийд байхдаа андрогены баланс алдагдсанаас үүдэлтэй байх магадлалтай. Хэчнээн тархи болон мэдрэлийн тогтолцоо нь эр хүн гээд тодорхйологдоод байгаа ч гэсэн тэр тархи, мэдрэлийн тогтолцоо нь өөрт нь хэрэгтэй байгаа эстрогенаа нэхдэг. Транс эрэгтэйн хувьд бол тархи, мэдрэлийн тогтолцоо нь тестостеронаа нэхдэг. Тэгэхээр бие физиологийн хувьд тодорхой хэмжээгээр байгаа зүйлийг "болж" байна гэж хэлж болохгүй л санагдаад байдаг. Тиймээс ч хүйс солих (sex change) гэдэг үг хэллэгийг хэрэглэхээ больсон, учир нь солих гэдэг нь байхгүй байгаа зүйлийг бий болгож байна гэсэн утгыг агуулдаг гэж үздэг. Харин 90-ээд оноос хойш хүйсийн шилжилт (transition, gender affirmation) гэх мэт үгээр илэрхийлэх болсон. Энэ талаар жоохон дэлгэрүүлж уншмаар бол http://news.bbc.co.uk/2/hi/7689007.stm http://www.wpath.org/index.cfm

    ReplyDelete
  8. @Цагаанаа Крийя гоё гоё. Би лав анх хийхэд арслан бар мэт архираад, өөрөөсөө айсийшт хэхэхэ хүмүүс бас айсан, дараа нь надаас холуур суугаад байсан хаха

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...