Wednesday, September 21, 2011

Сэтгэл гутрал

Be kinder than necessary, for everyone you meet is fighting some kind of battle.

Сая "The Beaver" гэж Жодий Фостерын найруулсан шинэ кино үзлээ. Сэтгэл гутрал хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг, түүнээсээ гарахын тулд гол баатар яаж байгаа тухай кино. Сэтгэл гутралд орсон хүмүүс хэрхдэгийг, тэр нь ойр дотны хүмүүст нь хэрхэн нөлөөлдгийг үзүүштэй, тэрүүхэндээ энэ эмзэг сэдвийг эвтэйхэн хөндсөн санагдсан. 

Зарим хүмүүс гаднаас нь харахад ямарваа бодит том шалтгаангүйгээр ч юм шиг сэтгэл гутралд ордог ч цаана нь үл үзэгдэгч шалтгаан явж л байдаг: ялгаварлан гадуурхалтад өртөх, бэлгийн хүчирхийлэлд өртөх, өдөр бүр, минут бүр буруу биед төрснөө мэдрэх. Зарим нь маш том харагдах шалтгаантай: хайртай, дотны хүмүүсээ алдах, тэднээсээ салах, хүчирхийлэлд өртөх, эрүүл саруул биетэй байж байгаад гэнэт өвдөөд хийж чаддаг байсан зүйлсээ хийж чадахаа болих, эсвэл бүр хөгжлийн бэрхшээлтэй болох, эсвэл хөдөлмөрийн чадвартай байж ажилд орж чадахгүй байх гээд сэтгэл гутралын шалтгаан цөөнгүй. Хүн болгоны сэтгэл гутралд орох болсон шалтгаан ба тухайн асуудлын том бага хүн хүнээсээ л өөр. Яг яагаад байгаагаа ч бүрэн мэдэж ойлгодог хүмүүс цөөн. Өөрөө сэтгэл гутралд орсноо ихэнх хүмүүс мэддэггүй олон жилийг өнгөрөөдөг. Гэр орныхон, хань ижил, найз нөхөд нь ч тэр болгон анзаарахгүй, ойлгохгүй. Сэтгэл гутралаасаа болоод хүмүүстэй уулзах сөхөөгүй, тэнхээгүй, ажил сургуульдаа үлгэн салган явахыг, бусад боломжтой бүх үед унтахыг нь хажуугийн хүмүүс үл ойлгон, түүнийг их зантай болсон, ааш нь хувирсан, магад шашинд хэт автсан хүмүүс байвал бүр буг чөтгөр шүглэсэн ч гэж үздэг байхыг хэн мэдлээ. Анзаарах, ойлгох, ярих буюу анхан шатны туслалцаа үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн наад захын соёл, мэдлэг байхгүйгээс сэтгэл гутралд орсон байгаа тайвандуу хүнийг "бааштай, залхуу", харин сэтгэл гутрал нь сөргөөр илрээд байгаа нэгнийг "солиотой" гэдэг юм байна гэж харлаа. Ялангуяа Монголд. 

Сэтгэл гутрал даамжирвал тухайн хүн амиа хорлоно. Магад бусдыг ч хүчирхийлж эхэлнэ. Учир нь тэр юуг ч нарийн нандин, үнэтэй гэж үзэхээ болино. Түүний хувьд амь, амьдрал нь сонин биш байгаа учир бусад бүх зүйлд тэгж хандана. Ямарваа зүйлийн гэрэл гэгээ, сайн сайхан, ертөнцийн өнгө, дуу, чимээ, бусдын зүгээс ирж буй хайрыг ч анзаарах сөхөөгүй өөрсдөө саарал роботууд болдог. Сэтгэл гутралд орсон хүмүүс саарлаас саарал манан дотор живж явдаг. Энийг харах аймаар. Хажууд нь байх бүр аймаар. Яаж ч туслаж чадахгүйгээ харсаар тэр хүнийг үгүй болж байгааг харах хамгийн хүнд байдаг байх.

7 comments:

  1. Тиймээ энэ бодит үнэн шүү. Энэ нь манай ниигэмд хүчирхийлэлийн хэлбэрээр гарч бгаа нь улс хүндээ нөлөөлхүйц зүйл оновчтой хийхгүй байгаатай холбоотой санагддаг

    ReplyDelete
  2. @LW Тийм шүү. Гэхдээ улс гэдэг зүйлээсээ илүү мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй сэтгэл зүйчдээс их зүйл шалтгаалах байх. Шинэ тутам шинжлэх ухаан болохоор учир дутагдал байдаг л шиг билээ. Зарим сэтгэл зүйчид нь тв, радиогоор зөвлөгөө өгнө, зарим нь шашны үзэл суртлын үүднээс бас арай л шинжлэх ухаанч бус зүйл ярина. Тэр тв-ээр гэдэг нь их хүнд: хүн асуулт тавингуут нь тэр асуултаар нь тухайн хүнийг оношлилчих жишээтэй. Айх, гайхах, зэвүүцэх бүгд зэрэгцсэн шүү. Бэлгийн чиг баримжааг нь ховсоор янзлаад өгье, маргааш 150 мянгатайгаа ирээрэй гэж нэг сэтгэл зүйч манай нэг гей залуугийн ээжид хэлсэн байсан. Гэх мэт. Сайн нь ч бий шүү гэхдээ. Цөөн бий.

    ReplyDelete
  3. Улс бодлогын түвшинд сэтгэл зүйчдийн баримтлах ёстой хэм хэмжээ, жишгийг нь тогтоож өгч, энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхийг хөхиүлэх ёстой гэдэг дээр харин санал нэгдэнэ шүү.

    ReplyDelete
  4. Яг зөв хө.TV-гээр хараад болсон болоогүй нийгэм дэх асуудлыг чадлаараа хөндөөд л байх юм.Үүний н анхааралдаа авч хуулийн зохицуулалт хийгдэх н хэр болдоо.

    ReplyDelete
  5. Сайн байна уу.
    Улс төрийн бодлого гэхээсээ илүүтэйгээр манай монголчууд л сэтгэлгээгээ бага зэрэг өөрчилчихвөл болох юм шиг санагддаг.
    Сэтгэл, сэтгэлийн дарамт гэдэг асуудлыг одоо үеэс л нэг юм ярьж эхэлж байгаагаас бус урьд нь ганц гандан, хүрээ хийд ороод ганц ном уншуулчихад л болно гэсэн ойлголттой байсан, байдаг шүү дээ. Улс төрчид юм хийсэнгүй гээд суугаад байвал тэд/ ялангуяа Монголд/ юу ч хийхгүй ээ. Сэтгэл санаа гэх үл үзэгдэгч байтугай зам тээвэр, байр орон сууц гээд бодитой асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа хүмүүс шүү дээ.

    ReplyDelete
  6. Нэмж хэлэхэд энэ бол Мишка миний л бодол байсан шүү. Мөн их сайхан блог байна. Бичлэг тань таалагдлаа.

    ReplyDelete
  7. мишка тэгэнгүүтээ нэг зүйл, хамгийн гол зүйл ойлгоогүй байж блог дээрээ "сая нэг гомо гарын блог уншлаа" гээд бичцэн байдаг тээ хэхэхэ. ядаж ойлголтоо зүгшрүүлчээд юм бичвэл ямар вэ, миний охин.

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...