Wednesday, November 23, 2011

Меланхолия

Хааяа гэнэ гэнэ мэлэн хоолиг болдгоороо өнөөдөр гэнэт их мэлэн хоолигт автав. Учир шалтгаангүй, ойлгомжгүй, хэнд ч юм, юунд ч юм гомдож уйлмаар ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж. Амьдрал маань хаана байгаад би дэндүү аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаа ч магад одоо л жинхэнэ утгаараа ганцаардаж буйгаа мэдэрч эхэлж байгаа ч юм билүү. Билүү ч гэж мэдэрч байна л даа. Ганцаараа явсаар олон сар өнгөрч. Түүндээ дэндүү дассан ч хааяа хамтдаа байдлыг санах...

Tuesday, November 15, 2011

Үнэхээр баяртай байна

Өнөөдөр миний 35 нас хүрэхэд хэд хоногийн өмнө нэг сайхан мэдээг Баяа маань биеэр ирж дуулгасанд маш их баярлав. УИХ-ын Төрийн байгуулалтын хороо маш удахгүй миний боловсруулсан ЛГБТ Төвөөс энэ оны 3-р сард тухайн хороонд өгсөн Үндсэн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр үл ялгаварлан гадуурхах саналыг авч хэлэлцэхээр болсон тухай албан ёсны мэдэгдлийг өгчээ. ЛГБТ Төв маань хүчтэй үргэлжлэх үндсийг нь тавьсандаа, ЛГБТ хүмүүсийн амгалан, аюулгүй амьдрах үндсийг тавьсандаа би үнэхээр их өөртөө сэтгэл хангалуун алхдаг. Харин өнөөдөр үнэхээр тэмдэглэх ёстой зүйл сонссоноо ганцаараа ч болтугай тэмдэглэх санаатай. Мөн ирэх жилийн эхээр Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг конвенцийн хэрэгжилтийг Монгол Улс хянуулах асуудал дээр үзэн ядалтын эсрэг гэмт хэргийн асуудлыг дахин НҮБ-ийн хэмжээнд тавих, мөн хянуулах өөр нэг гэрээ нь Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах конвенц бий. ЛГБТ эрхийн асуудал өдөр ирэх тутам сайжрах үндэс бат бөх тавигдсанд, бүх зүйл сайхан урагшилж байгааг би өнөөдөр дотроо тэмдэглэж сууна. Харин 1 цагийн дараа тэмдэглэсэн шиг тэмдэглэж эхэлнэ.

Thursday, November 10, 2011

100% сонирхолтой өдрүүд үргэлжилсээр

Нэг мэдсэн блогоо ч хөтлөхөө байх шахсан байна л. Өнгөрсөн долоо хоног нэлээд сэтгэл санаа таагүй байсны дээр долоо хоногийн сүүлээр завгүйн дээдийг амсч жаал баясав. Өнөөдөр сэрээд арван нэгдүгээр сард баймааргүй дулаан өдөр болохыг мэдрээд сэтгэл гэгэлзэн гараад амжуулах ёстой нэг хоёр ажлаа амжуулаад 100%-даа очив. За тэгээд өдрөөс хойш хүмүүс орж гараад л, 100%-ийн энгийн өдөр үргэлжилсэн ч хамгийн сүүлийн мөчид сэтгэл сэртхийлгэсэн зүйл сонссоноо энд эн тэргүүнд оруулмаар санагдаад үүрийн 4:30 өнгөрсөн хойно компоо балбаж сууна. 

100%-ийн ажилд тусласаар долоо хоногийн нүүрийг өнөөдөр үзэв. Харин 11-р сарын 7-нд "Өнөөдөр" сонинд 100%-д ЛГБТ хүмүүс цуглах болсон талаар мэдээ гарсан байна гэнэ шүү, цаагуур чинь. Инээд хүрмээр, өхөөрдмөөр, хамгийн чухал нь сайн ч, муу ч PR, үнэгүй сурталчилгаа хийж өгсөн "Өнөөдөр"-төө баярласан гэж. Бид хүмүүсээс гаж биш, хэн ч орж ирсэн энгийн хэдэн залуус, охид инээлдэн юм ярин суугааг хэн ч харна. Хөгшид орж ирээд үйлчилгээнд нь баярлаад гарна. Залуу хүмүүс ч бас. Төрсөн өдрөө тэмдэглэж буй хүмүүс ч бас. Хамгийн БАЛИАР (блогтоо би сул уг хэрэглэдэггүй ба зөв бичгийн дүрмээр бичдэг ч үнэхээр балиар гэж  хэлэхүйц) ба БУЗАР гэж хэлэхүйц зүйл болсон нь жорлонд хэн нэг нь утсаа орхиж хүмүүсийн бие засч буйг бичсэн болохыг дөрвөн цагийн өмнө би олж мэдсэн юм. Нэг биш хоёр хүн гэрчлэн хэлэхэд би сэртхийхийн дээдээр сэртхийж "Арай ч дээ" гэж уулга алдав. Яг юу олж харна гэж хэн нэгэн хүн тэнд утсаа орхиж бичлэг хийсэн юм бэ??? Хэрэв таныг тэгсэн бол танд ямар санагдах вэ??? Яагаад ЛГБТ хүмүүс их ордог болсон газар тэгж болно гэж бодсон бэ??? Хамгийн их уур хүрсэн зүйл нь яагаад тэр дор нь тэр утсыг харсан хүмүүс хэлээгүй вэ??? Уржигдар, өчигдөр хэдэн хүмүүс орж ирээд гарахдаа доромжлонгуй аясаар хандсан ч түүнийг нь өнгөрөөж болно. Үгүй бол цагдаа дуудаж өгч болно. Угаасаа нэг хүн дээр дуудсан, дуудна ч. Гэхдээ яагаад хэн нэг нь жорлонд бичлэг хийсэн бэ????? Маш олон газар хүмүүсийн цүнх энэ тэрийг нь шалгаж оруулдгийг нэвтрүүлмээр санагдсан гэж. Бичлэг хийж харагдсан хүмүүсийг дотоод журмаараа өндрөөр торгомоор, дахин орж ирэхийг нь хоригломоор санагдсан гэж. Бид амьтны хүрээлэн биш. Бид энгийнээс энгийн л хүмүүс байтал яаж доромжлохоо олж ядсан хүмүүс юугаа бодож БҮР ЖОРЛОНД бичлэг хийсэн бэ??????????????? Хаа хаанаа бодолтой, хүлээн зөвшөөрмөөргүй зүйл байвал дуугүй хүлцэх биш, шууд хэлж байгаасай гэж дахин дахин дахин бодов. 

Бас нэгэн өөр том сонинтой, миний л хувьд том. Сүүлийн сар хагас сэтгэл минь алдуураад байгаа тэр эмэгтэйн найз надад нэгэн сонин хэлснээс нь болж би юу бодохоо мэдэхгүй, түүнээс бас тэрийг сонсоод яахаа мэдэхгүй цочролын байдалд хэдэн цагийг өнгөрөөв, өнөө орой. Болох зүйл болохоороо болно биз дээ. Тэр эмэгтэй их сайхан эмэгтэй, хайрлам, энхрийлэм. Зарим талаараа надтай маш адил ч зарим талаараа газар тэнгэр мэт... Харин тэр хэлсэн зүйлийг нь би өнөө оройжин шөнөжин бодсон ч хүлээж авч чадах эсэхээ мэдэхгүй дүүнгэтэн сууна. Хэрэв тэр надад хайртай ба сэтгэл нь надад байсан бол би шууд л хүлээж авах байх. Гэтэл угаасаа тийм биш. Гэтэл энэ байдал магад харилцан хайртай болох эмэгтэйтэй минь ч ирээдүйд үүсэхийг үгүйсгэх аргагүй. Эхнээсээ дуустал тэр шийдвэрийг хамтдаа гаргаад явбал боломжийноор барахгүй, магад миний хийхийг хүсэх зүйл ч тэрэнд нь би оролцоогүй гэхээр л надад ямар ч, бүр түй хамаагүй зүйл. Гэтэл тэр зүйл ба тэр эмэгтэй хоёрыг хэзээ ч салгашгүй. Тэгэхээр түүгээр нь хүлээж авахаас өөр аргагүй ч... тэр эмэгтэйг би сэтгэлээсээ авч хаях ёстойгоо хамгийн сайн мэдсэн. Олон сар жил хөдлөөгүй сэтгэл минь хөдлөсөн ч, дурласан ч, татагдсан ч би тэр хүнийг мартахаас өөр замгүй. 

Өөр нэг зүйлд миний сэтгэл бас их хөдлөв, өнөөдөр. Сөргөөр. Хамгийн хайртай хоёр тавгийг экс маань хагалчаад хагалаагүй гэж гүрийснээс нь болж, худал үнэн зүйл ярьж, ярьснаа дахин дахин үгүйсгэн, над дээр хүлээн зөвшөөрдөггүй зүйлээ өөрөө сийх ч үгүй хийдэгт нь машид их сэтгэл хөдлөв. Маргааш уул нь уулзах ёстой байсан ч уулзахааргүй шийдсэн. Түүнд амьдралаа зориулсан долоон жил минь түүний хувьд юу ч биш байсны нотолгоо ар араасаа цувран гарсаар. Гэвч тэр эмэгтэй миний сэтгэлээс үүрд гарсан. Тэр нь ч дээр. Байсан зүйлийг би хэзээ ч үгүйсгэдэггүй ч зөвхөн сайхан байсан цаг хугацааны дурсамжаа хадгалж үлдэхээс өөр аргагүй гэдгээ өнөөдөр дахин айхтар хүчтэй мэдрэв. Дахин ингэж зүрх сэтгэлээ зориулах ч хэрэггүй гэж бодож байтал миний бас л хүчтэй дурласан эмэгтэй тийм юм надад хэлсэн учир "За, за. Болох зүйл болохоороо болж. Харин одоо дахин хэзээ ч үгүй" гэсэн мэдрэмжтэй үлдсэнээ нуух юун... Баяртай, хайр дурлал минь. Сайн байна уу, дурлалгүй амьдрал минь гэж...

Wednesday, November 2, 2011

Хайрлаж амжих, амжиж хайрлах...

Тэр миний үеэлийн охин. Хамгийн хайртай ач нь байсан охин. Эрх. Дураараа өссөн гэдэг ч... "Үнэндээ тийм үү?" гэсэн асуулт толгойд минь олон цаг эргэлдлээ. Хүн хүнээ мэдэрдэг ч хүн намайг мэдрэхгүй болтол хад чулуу болчихжээ гэдгээ өнөөдөр, өчигдөр мэдрэв. Ингэж байхад... Багаас нь хамт байсан, хааяа очиж хардаг байсан, дүүтэй нь хамт загинаад, бүүвэйлээд унтуулдаг байсан охин. Жоохон охин хойноо жоохон охин үлдээгээд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Нас нь болсон гэнэлээ. Гэтэл яагаад бүтэн сайны шөнөөс хойш намайг нэг зүйл хараад, хоёр удаа мөрөн дээр алгадсаныг хэн мэдлээ. Дүүдээ хайртай байсан ч өөрийнхөө амьдралыг хөөсөөр, аз жаргал, хий хоосон зүйлсийг хөөсөөр олон жил өнгөрөөчөөд үгүй болсон хойно нь гайхашран суунав. Би түүнийг таньдаггүй байсан. Багаас нь харж, загинахдаа загинаж, бүүвэйлэхдээ бүйвээлж унтуулдаг байсан тэр охины бие цогцос ч одоо үгүй. Үлдсэн ганц зүйл нь түүний охин. Гуравхан нас хүрч буй охины цонхон дээрээ суугаад эмээгээсээ асуусан зүйл нь "Ээж хаашаа явсан юм бэ?" "Тэнгэр лүү." "Бөөлөхөөр яваад өгсийм үү? Хэзээ ирэх юм бэ?" Эмээгийнх нь нулимастай харц. Хайрлаж чадсан уу, тэр хүүхдийг, би ч, тэд ч. Би лав чадаагүй. Багад нь ойр өссөн ч 19 настайдаа яваад өгсөн, дараа нь ирэхэд арай л балчирдаж, үеэлийн нас үе ойрдуу ч, арай л жаахан байгаад байсан тэр охиныг би хайрлаж амжсан уу?! Би өөрөөсөө хүнийг хайрлаж амжсан уу гэж асууна гэж бодож явсангүй ч тэр минь яах аргагүй тэгэж асуух ёстой хүн. Амьдрал мөнх бишийг аавыг нас барсны дараа мэдсэн ч арай л дэндүү амиа бодсносоос, за бас амиа ч биш дээ, өөрийнхөө дэндүү үнэ цэнэтэй гэж боддог байсан зүйлд дэндүү их цаг зав, анхаарлаа өгөөд яах аргагүй орох ёстой тэр охиныг оруулж амжаагүй байхад... Хайрлаж амжих, амжиж хайрлах... Амьдрал дэндүү богино учир. Амьдрал дэндүү утгатай учир бүгдийг багтаахгүй ч байлаа ядаж л хичээх... ЛГБТ хүмүүсийн асуудалд дэндүү их амьдралынхаа цаг зав, сэтгэл зүрхээ зориулсан ч эхнээсээ энэ нь амьдралын л мөн чанараар хоосон зүйл нь харагдсан. ЛГБТ ч бай, юу ч бай, хүн нь чухал, би хайрлаж амжих ёстой хүмүүсээ хайрлаж амжихгүй байгаа нь дэндүү сэтгэлд хүнд байна. Дээрээс нь энэ жил өөрийнхөө л хар багын хүслийг гүйцээхээр хүйсийн шилжилтэд орохоор шийдсэнээс хойш дэндүү өөрийгөө л мэдрэх мэдрэмжинд захирагдсаар дэндүү олон сарыг өнгөрөөж. Хэрэгтэй юу?! Эцэстээ хэн ба юу чухал вэ?! Дурлал маань ч чухал биш. Хайр ч чухал биш гэдгийг энэ жилийн эхэнд би дэндүү сайн харсан атал дахин ухаан жолоогүй дурлачихсан гүйж явдаг. Сэтгэлээ захирч сурах хэрэгтэй гэж хэн нэгний хэлж байсан үг одоо хүртэл зөвхөн үг мэт санагдсаар. Санал нэгдэхгүй байгаа хэвээр ч яах ёстойгоо ч сайн мэдэхгүй, сэтгэлдээ төөрөлдсөөр... Мэдрэмжиндээ ороогдсоор... Гэтэл мэдрэмжээс гадна миний хажуугаар амьдрал хөврөөд байдаг. Хайрлаж амжих, амжиж хайрлах... Хамгийн их хайрладаг байсан ач нь байсан тэр авгатайгаа олон жил золгоогүй явж байгаагаа гэнэт ухаараад очих ёстой, сэтгэлийг нь дэвтээж хажууд нь ачийг нь хэзээ ч орлож чадахгүй ч юу ч хамаагүй ярьж, түүнтэй дахин танилцах ёстойгоо би өчигдөр мэдсэн. Blood is thicker than water. Амжиж хайрлаж, хайрлаж амжих...

Ум ма ни бад ме хум.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...