Thursday, November 10, 2011

100% сонирхолтой өдрүүд үргэлжилсээр

Нэг мэдсэн блогоо ч хөтлөхөө байх шахсан байна л. Өнгөрсөн долоо хоног нэлээд сэтгэл санаа таагүй байсны дээр долоо хоногийн сүүлээр завгүйн дээдийг амсч жаал баясав. Өнөөдөр сэрээд арван нэгдүгээр сард баймааргүй дулаан өдөр болохыг мэдрээд сэтгэл гэгэлзэн гараад амжуулах ёстой нэг хоёр ажлаа амжуулаад 100%-даа очив. За тэгээд өдрөөс хойш хүмүүс орж гараад л, 100%-ийн энгийн өдөр үргэлжилсэн ч хамгийн сүүлийн мөчид сэтгэл сэртхийлгэсэн зүйл сонссоноо энд эн тэргүүнд оруулмаар санагдаад үүрийн 4:30 өнгөрсөн хойно компоо балбаж сууна. 

100%-ийн ажилд тусласаар долоо хоногийн нүүрийг өнөөдөр үзэв. Харин 11-р сарын 7-нд "Өнөөдөр" сонинд 100%-д ЛГБТ хүмүүс цуглах болсон талаар мэдээ гарсан байна гэнэ шүү, цаагуур чинь. Инээд хүрмээр, өхөөрдмөөр, хамгийн чухал нь сайн ч, муу ч PR, үнэгүй сурталчилгаа хийж өгсөн "Өнөөдөр"-төө баярласан гэж. Бид хүмүүсээс гаж биш, хэн ч орж ирсэн энгийн хэдэн залуус, охид инээлдэн юм ярин суугааг хэн ч харна. Хөгшид орж ирээд үйлчилгээнд нь баярлаад гарна. Залуу хүмүүс ч бас. Төрсөн өдрөө тэмдэглэж буй хүмүүс ч бас. Хамгийн БАЛИАР (блогтоо би сул уг хэрэглэдэггүй ба зөв бичгийн дүрмээр бичдэг ч үнэхээр балиар гэж  хэлэхүйц) ба БУЗАР гэж хэлэхүйц зүйл болсон нь жорлонд хэн нэг нь утсаа орхиж хүмүүсийн бие засч буйг бичсэн болохыг дөрвөн цагийн өмнө би олж мэдсэн юм. Нэг биш хоёр хүн гэрчлэн хэлэхэд би сэртхийхийн дээдээр сэртхийж "Арай ч дээ" гэж уулга алдав. Яг юу олж харна гэж хэн нэгэн хүн тэнд утсаа орхиж бичлэг хийсэн юм бэ??? Хэрэв таныг тэгсэн бол танд ямар санагдах вэ??? Яагаад ЛГБТ хүмүүс их ордог болсон газар тэгж болно гэж бодсон бэ??? Хамгийн их уур хүрсэн зүйл нь яагаад тэр дор нь тэр утсыг харсан хүмүүс хэлээгүй вэ??? Уржигдар, өчигдөр хэдэн хүмүүс орж ирээд гарахдаа доромжлонгуй аясаар хандсан ч түүнийг нь өнгөрөөж болно. Үгүй бол цагдаа дуудаж өгч болно. Угаасаа нэг хүн дээр дуудсан, дуудна ч. Гэхдээ яагаад хэн нэг нь жорлонд бичлэг хийсэн бэ????? Маш олон газар хүмүүсийн цүнх энэ тэрийг нь шалгаж оруулдгийг нэвтрүүлмээр санагдсан гэж. Бичлэг хийж харагдсан хүмүүсийг дотоод журмаараа өндрөөр торгомоор, дахин орж ирэхийг нь хоригломоор санагдсан гэж. Бид амьтны хүрээлэн биш. Бид энгийнээс энгийн л хүмүүс байтал яаж доромжлохоо олж ядсан хүмүүс юугаа бодож БҮР ЖОРЛОНД бичлэг хийсэн бэ??????????????? Хаа хаанаа бодолтой, хүлээн зөвшөөрмөөргүй зүйл байвал дуугүй хүлцэх биш, шууд хэлж байгаасай гэж дахин дахин дахин бодов. 

Бас нэгэн өөр том сонинтой, миний л хувьд том. Сүүлийн сар хагас сэтгэл минь алдуураад байгаа тэр эмэгтэйн найз надад нэгэн сонин хэлснээс нь болж би юу бодохоо мэдэхгүй, түүнээс бас тэрийг сонсоод яахаа мэдэхгүй цочролын байдалд хэдэн цагийг өнгөрөөв, өнөө орой. Болох зүйл болохоороо болно биз дээ. Тэр эмэгтэй их сайхан эмэгтэй, хайрлам, энхрийлэм. Зарим талаараа надтай маш адил ч зарим талаараа газар тэнгэр мэт... Харин тэр хэлсэн зүйлийг нь би өнөө оройжин шөнөжин бодсон ч хүлээж авч чадах эсэхээ мэдэхгүй дүүнгэтэн сууна. Хэрэв тэр надад хайртай ба сэтгэл нь надад байсан бол би шууд л хүлээж авах байх. Гэтэл угаасаа тийм биш. Гэтэл энэ байдал магад харилцан хайртай болох эмэгтэйтэй минь ч ирээдүйд үүсэхийг үгүйсгэх аргагүй. Эхнээсээ дуустал тэр шийдвэрийг хамтдаа гаргаад явбал боломжийноор барахгүй, магад миний хийхийг хүсэх зүйл ч тэрэнд нь би оролцоогүй гэхээр л надад ямар ч, бүр түй хамаагүй зүйл. Гэтэл тэр зүйл ба тэр эмэгтэй хоёрыг хэзээ ч салгашгүй. Тэгэхээр түүгээр нь хүлээж авахаас өөр аргагүй ч... тэр эмэгтэйг би сэтгэлээсээ авч хаях ёстойгоо хамгийн сайн мэдсэн. Олон сар жил хөдлөөгүй сэтгэл минь хөдлөсөн ч, дурласан ч, татагдсан ч би тэр хүнийг мартахаас өөр замгүй. 

Өөр нэг зүйлд миний сэтгэл бас их хөдлөв, өнөөдөр. Сөргөөр. Хамгийн хайртай хоёр тавгийг экс маань хагалчаад хагалаагүй гэж гүрийснээс нь болж, худал үнэн зүйл ярьж, ярьснаа дахин дахин үгүйсгэн, над дээр хүлээн зөвшөөрдөггүй зүйлээ өөрөө сийх ч үгүй хийдэгт нь машид их сэтгэл хөдлөв. Маргааш уул нь уулзах ёстой байсан ч уулзахааргүй шийдсэн. Түүнд амьдралаа зориулсан долоон жил минь түүний хувьд юу ч биш байсны нотолгоо ар араасаа цувран гарсаар. Гэвч тэр эмэгтэй миний сэтгэлээс үүрд гарсан. Тэр нь ч дээр. Байсан зүйлийг би хэзээ ч үгүйсгэдэггүй ч зөвхөн сайхан байсан цаг хугацааны дурсамжаа хадгалж үлдэхээс өөр аргагүй гэдгээ өнөөдөр дахин айхтар хүчтэй мэдрэв. Дахин ингэж зүрх сэтгэлээ зориулах ч хэрэггүй гэж бодож байтал миний бас л хүчтэй дурласан эмэгтэй тийм юм надад хэлсэн учир "За, за. Болох зүйл болохоороо болж. Харин одоо дахин хэзээ ч үгүй" гэсэн мэдрэмжтэй үлдсэнээ нуух юун... Баяртай, хайр дурлал минь. Сайн байна уу, дурлалгүй амьдрал минь гэж...

1 comment:

  1. "Бид амьтны хүрээлэн биш."


    сайхан хэллээ!!!

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...