Wednesday, December 5, 2012

утга учир, баяр хөөр, аз жаргал, тайтгарал, уйтгар гуниг, харуусал

Өөрчлөлт шаардлагатай бол хий. Үгүй бол өмнөөс чинь хийгдэнэ. Тэрний нэг жишээг өнөөдөр харж, мэдэрчээд ирлээ. Миний амьдралд өөрчлөлт хэрэгтэй байсан л, гэхдээ энэ олон хүмүүсийн амьдралд бас уу. Магад. Өнөөдөр 100% бар ЛГБТ бар байхаа больж, стрэйт эзэдтэй боллоо. Амьдралын маань дэндүү их инээд хөөртэй, гунигтай, гайхамшигтай, хааяадаа гутармаар өдрүүд ингээд дуусав. Шинээр амьдрах ёстой учир. Гэхдээ ямар их мэдрэмж үлдэж байна вэ. Маш их баярлалаа, бүх ЛГБТ болон ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хүндэлж, хүн утгаар харьцдаг байсан стрэйт хүмүүс, нэг хүн бүрчлэн - танд баярлалаа! Нэг л та нарын гадна талд, хол олон жил явсаан, нэг л онолдсон хүн, ийш тийш тайлан бичиж, хүмүүс судалгаанд оролцсонгүй, өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдсэнгүй гэж гутарч, цухалдаж, бухимдсан хүн. Тэр үед хүн бүрийн амьдралын баяр жаргал, зовлон гунигийг нь хуваалцаж явах цаг завгүй, бас эхнэртэй хүн чинь тэр болгон гарах нь ч ховор, гэр ажил, гэр ажил, гэр ажил. Гэртээ очоод ЛГБТ асуудалтай холбоотой ажил, ажил, ажил. Гэхдээ хайртай хүнтэйгээ хамт байсан минь эргээд харахад хамгийн чухал байсан юм уу даа. Бүгдийг нь хуваагаад, илүү сайн чадацгаахаа хийнэ. Ярилцана. Бие биедээ санаа өгнө. Нэгийгээ сонсоно, тусгана. Хааяа ажлаа хийлгүй, өөрсөддөө амралт өгөх үедээ дэвэн дэлхийн зүйлсийг хамж ярьсаар, би түүний цэв цэнхэр нүдэнд нь ууссаар өдөр эхэлсэн яриа үүр цайлгасныг анзаарахгүй. "Хэзээ 4 болчив?" гэж гэнэт цаг харснаа гайхна. Хайртай хүн... Ганцхан хүнийг хайрлахын оронд маш олон хүнийг чин сэтгэлээсээ, голын голоосоо та нарыг харж чадсан учир харсан бүгдээ хайрласан арван гурван сар -- тасархай, гайхалтай, мартагдашгүй. Та нар байгаагүй бол би хэзээ ч өнөөдөртөө хүрэхгүй байсан. Эхнээсээ дуустал. 1997 оны 9-р сарын эхээр болсон тэр ЛГБТ эрхийн хуралд анхны илтгэгч болж, өмдөндөө чацгалан барин амьдралдаа анх удаа их олон огт танихгүй, Энэтхэгийн энд тэндээс ирсэн олон мэргэжлийн хүмүүсийн өмнө ЛГБТ хүмүүсийн зөрчигддөг эрх, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн талаар илтгэл тавьж билээ. Чацгалан барин. Бусад орны туршлага, ойлголт, практик, яагаад Энэтхэгт мөн ийм хууль хэрэгтэй байгааг сонингуудаас цуглуулсан мэдээнүүдийг иш татаж байгаад тавьсан илтгэл. Манайхан яагаад ч юм намайг "Чи чаднаа" гээл эхний илтгэгч болгочдын. Би яахав, хоёрдугаар курсын мангар бацаан "За за" гээл, бүдүүн хадуун зүрхтэй. Ер нь хүмүүс намайг их хөөргөж, өөрийнхөө хүслээр бол хэзээ ч хийхийг хүсэхгүй, магад зүрхлэх ч үгүй зүйлсийг "Чи чаднаа" гэж хийлгэдэг байсан юм байна. Тэр телевизийн ажил байна, үүний тоонд хэхэх. Тэгээд ийм төрлийн сэдвээр Энэтхэгт анх удаа манай сургуулийн оюутнууд санаачилж зохион байгуулж байсан тэр хуралд ирсэн олон ЛГБТ хүмүүстэй танилцаж, ярилцаад нээх гоё бүрэн дүүрэн амьсгалж билээ. "I am just one of many!" Энгийн л гэдгээ, олны нэг гэдгээ л мэдрэх. Тэр мэдрэмжийг бусдад өгөхийг хүссэн. Дэндүү энгийн. Тэр мөчөөс хойш амьдрал минь бүхэлдээ ЛГБТ хүмүүстэй холбоотой ирж. 2000 оны 2-р сард Тавьланг үүсгэж байгуулалцаж байсан нэг залуутай танилцаж, сайн найз нөхөд болоод, хамтдаа хэсэг ажиллаж 95157015 гэж ижил хүйстэн хүмүүсийн итгэлийн утас ажиллуулцгаагаад, Ганданд оффислоод. Харамсалтай нь 2001 оноос хойш үйл ажиллагаа зогссон. Зөвхөн ХДХВ-ээр ажиллах ёстой л гэсэн шаардлагыг санхүүжүүлэгч байгууллага тавьсан, би ч тэр уулзалтанд нь очоогүй л. Гэхдээ тийм бодлогын асуудал байсан. Бид хүний эрхийн байгууллага учир зөвхөн ХДХВ-ээр ажиллахгүй, бусад асуудлаар ч бас ажиллана гэдгээ мэдэгдээд, цаашдын санхүүжилтгүй болоод зогсч байсан. Бас өмнөх жилийн тайлангаа хариуцах яамдуудад өгөөгүй билүү, юу билээ. Ямар ч байсан урам мохох дөхсөн. Гэхдээ тун удалгүй 2003 оны сүүлээр Астрея шударга ёсны төлөөх лесбиян сангаас Монголын эмэгтэйчүүдийн сангаар дамжиж санхүүжилт ирээд, МИЛК/Монголын лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн мэдээлэл, олон нийтийн төв (англиар Mongolian Lesbian Infromation and Community Centre/MILC)-ийг 2004 оны 1 сараас ажиллуулав. Харамсалтай нь би тун удалгүй Япон явж суралцах болсон. Тэр хооронд МИЛК-ийг тодорхой цагдаагаас "Садар самуун сурталчилсан" гэж хэд хэдэн удаа утасдаж дарамталснаас болж МОНЭС ч "Та нар тусдаа төрийн бус байгууллага болж гарах хэрэгтэй" гээд, дараа дараагийн оролцооны арга дээр суурилж нөхцөл байдал, хэрэгцээг гаргасан судалгаа ч хийгдэхгүй байсаар төслүүд ч бичигдэлгүй санхүүжилтээ үргэлжлүүлж чадаагүй. Дахиад л санхүүжилт. ЛГБТ Төв, ЗЭМ, Хамтдаа, Дэмжих бүгд санхүүжилтгээс хамааралтай. Гэхдээ хамгийн бодит үйл ажиллагаа хийж чадаж байгаа байгууллагууд нь л санхүүжилттэй байгааг мартах учиргүй. Хамгийн бодит хэрэгцээг хангах бодит үйл ажиллагаа хийсэн нь. Юу, яаж. Тэрийг зөвхөн олон нийт дундаа орж, холилдож, хутгалдаж байж л мэднэ. Мэдэрнэ. Заримдаа ямар нэгэн зүйл хийж чадна, заримдаа чадахгүй. Хүн бүрийн нөхцөл байдал өөр. Гэхдээ л үндэс нь, үндэс нь... Яг ижилхэн: хүн. Энгийнээс энгийн зүйл. Хүнийг хүн утгаар нь харах. Олж харахад хайрлахгүй байхын аргагүй. Хүн бүрийн ертөнц өвөрмөц, дэндүү өвөрмөц. Эцсийн дүндээ би ЛГБТ хүмүүсгүйгээр хэзээ ч өнөөдөртөө хүрэхгүй байсан, хэзээ ч ийм итгэл төгс, хүчтэй явахгүй байсан гэдгээ хэлэх гээл нуршиж өгчээнаа хахаха. Эхнээсээ дуустал ЛГБТ хүмүүс миний амьдралын утга учир, баяр хөөр, аз жаргал, тайтгарал, уйтгар гуниг, харуусал байсан. Байсаар байх болно. Хэчнээн 100% хаагдсан ч миний сэтгэл зүрх та нартай, та нарын төлөө, бидний төлөө 1000% цохилсоор байх болно. Хайртай. Гэхдээ л... энэ өөрчлөлт надад л хэрэгтэй байсан болохоос... гэсэн асуулт л үлдлээ дээ.

2 comments:

  1. Replies
    1. өөр газар нээхдээ асуудал биш л дээ. би л дахиад нээхгүй болохоос одоо хэд хэдэн газар ЛГБТ хүмүүсийн ажиллуулдаг, зарим нь яг ЛГБТ олон нийтийн гэсэн утгаараа ажиллаж буй газрууд байгаа, Ханзо, Энүба гэх мэт. энийг бичсэн нь юу мэдэрч явдгаа л хүмүүст хэлсэн юм.

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...