Thursday, May 2, 2013

Кийто - сүүлийн бичлэг

Атлантагаас Сөүл хүртэл 14 цаг. Онгоцонд арван хэдэн цаг тасралтгүй юм бодсоор явах. Проекто Трансхенеро, Эли, Ана... Эквадор, юу, хаана, хэн. Дараа нь юу, хаана, хэн. Монголдоо очоод нэн даруй амжуулах зүйлсээ бодох, төлөвлөх, “гар хоосон” буцаагүйдээ баярлах, хажууд яваа нотны цаасуудаа тэвэрч, чихээ таглан өөртөө гинших солонгос хөгжимчин эсвэл хөгжмийн удирдаачийн болхид инээд хүрэх, өхөөрдөх. Өчигдрийн хилийн зурвас дээр ажиллаж байсан гей залуугийн тавьсан асуултуудыг санах, инээд хүрэх. Атлантагаас гарахдаа уншихаар аваад дунд нь оруулсан онолын физикч Мичио Какугийн шинэ ном болох 2100 он хүртэлх шинэчлэлүүдийн тухай уншиж мэдсэн зүйлсээ бодох. Сайны хажуугаар саар гэгчлэн саарын хажуугаар сүүлийн үед болоод байгаа сэтгэл хөдлөм хөөрхөн, сайн зүйлсийг санах, өхөөрдөн инээмсэглэх. Юу эс бодогдох. Эквадорт очиж амьдарсан гурван сар амжилтгүйн туйл байсан мэт боловч хамгийн чухал зүйл болох сэтгэлээ цэгцлэх ажлаа тэнд л очиж амжуулсан. Мартах, санах, цэгцлэх, ангилах, ялгах, эрэмбэлэх. Шууд утгаараа гар ба халаас сүүлийн үед байгаагүйгээр хоосон буцаж байгаа ч шууд бус утгаараа, сэтгэлээр баянаас илүү баян буцаж байна. Учир нь ганцаар өнгөрөөсөн гурван сар ихийг ойлгуулсан. Хамгийн чухал нь миний өөрийн тайван байдал гэдгийг биетээр дахин мэдэрсэн гурван сар. Тэгэхээр явсан ажил маань ор тас бүтээгүй биш, бүх зүйл ор хоосон өнгөрсөн биш, дэндүү их мөнгө үрсэн ч тэр л ганцаар байх орон зайнаас мэддэг байсан зүйлсээ дахин баталгаажуулах, эргэж санах, шинэ зүйлсийг ойлгох чухал үйл явц явагдсан. Итгэл гэдэг зүйлийн талаар бүрэн ойлгох, хүлээж авахаас өөр аргагүй байдалд орсон. Хүлээж авсан. Ойлгосон. Ямарваа зүйлийг хүлээж авахгүй бол тэр зүйлээ ойлготол дахин дахин тэр нөхцөлд ордог гэдэг. Хэчнээн удаа амьдралдаа ингэж итгэлээ бүрэн эвдүүлж байсан юм бэ дээ, тоолоод ч яахав, тархины эсийн гарз санагдах ч хангалттай тохиолдсон. Харин энэ болгоны цаана “яаж” л үлдээстэй. “Хаана”, “юу”, “хэзээ”-г мэдэх амархан, өөрийгөө л ажиглахад, бодол, үйлдлээ мэдэхэд, өөртэйгээ шударга байхад энэ гурав хангалттай ойлгомжтой болдог. Эдгээрийг ухах арга нь “яагаад”. “Яагаад”-аа ойлгосон цагт бүх зүйл эрт орой “хэзээ”-дээ, “юу”-ндаа хүрнэ. “Яаж” гэдэг л хамгийн барьцгүй нь байсаар байсан, одоо ч үлдэж байх шив дээ.

2 comments:

  1. Ямартай ч гэртээ тавтай морил. Халааснаас илүү сэтгэл баян байх нь хамгийн чухал юм

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...