Wednesday, August 7, 2013

Бурханы там, мянган төгрөгийн хайрын төсөөлөл, бас бус

“Even God has a hell: his love of Mankind.” 
― Paulo Coelho

"Би хайр."
"Чи хайр л учир чиний хайрыг даахгүй, амтлах байтугай хүртэх ч хувь заяагүй өчүүхэн хүмүүст өгсөөр байх юм бол чи өөрийгөө л зовооно, хайр чинь, чи өөрөө үгүй болно."
"Хайр дундардаггүй, дуусдаггүй. Харин хайр мартагдах үеүд бий. Гэхдээ миний оршихуй хайр болсон учир би хэзээ ч дундрахгүй, дуусахгүй, үгүй болохгүй. Хайрлах гэдэг зовох биш."
"Гэхдээ чи хайрласнаараа зовж байгаагүй гэж үнэхээр үнэнээ хэлсэн үү?"
"Хайрыг ярьж байгаа нөхцөлд зовлон гэж яг юу юм бэ? Хэрэв хайрласан хүн чинь чамайг эргүүлж хайрлаагүй л бол зовлон уу? Хайр хариу нэхдэггүй учир жинхэнээсээ хайрласан бол энэ нь зовлон авчирахгүй. Зовж байгаа л бол чи хайрлахгүй л байна гэсэн үг. Эсвэл жинхэнэ хайр гэдгийг мэдэхгүй л гэсэн үг. Хайрлаад байхад эргээд тэр мэдрэмжийг хүнээс аваагүйдээ зовж байвал энэ чинь хайр биш, зөвхөн мянган төгрөгөөр авч уншиж болдог шалдар булдар романтик томъёололд чихэгдсэн хайрын төсөөлөл төдий мэдрэмж л байна гэсэн үг. Эсвэл чамайг хэн нэг хэсэг хайрлаж байгаад больчиход чамд тэр хайр байхгүй болсон учир зовох зовлон юм уу? Тэр чинь бас л нөгөө мянган төгрөгийн хайрын төсөөлөл, учир нь хайрын харилцааг хүмүүс мөнх байх ёстой зүйл гэж багаасаа уншиж, сонсч, киноноос харж өсдөг. Гэтэл хайр бол түүнээс том бас жижиг зүйл: мөч бүрт чинь байдаг жижиг зүйл ч, сүнсэнд сийлэгдэж, нэг төрлөөс нөгөөрүү шилжихэд чамд орших энергийн давтамж утгаараа их том зүйл. Энергийн ямарваа хэлбэрийг нэг газар барьж, тогтооно гэдэг их хүнд зүйлтэй яг адил хайрыг барьж, тогтоож болдоггүй. Урсгаж л болно. Урсгах нь ч шаналалгүй байх ёстой. Эсвэл чи өөрийнхөө сайн сайхныг умартан тэр л хайртай хүмүүсийнхээ сайн сайхны төлөө оршиж байгаа чинь зовлон болоод байна уу? Өөрийгөө умартах бол хайрын хамгийн том илрэл. Хайр гэж өөрийгөө умартаад ертөнцийн амьтай амьгүй бүх хэсгийн нэг бүрэлдэхүүн эд, эс болж чадаж байгааг хэлдэг. Өөрийгөө марттал хайрлана гэдэг шаналах субъект ч үлддэггүй л гэсэн үг. Хэрэв дараа нь чи өөрийгөө ашиглуулсан мэт харин мэдэрвэл энэ бас л хайр биш, худалдаа арилжаа хийсэн хүний мөнгөө төлөөд бараагаа хүлээсэн хүлээлт л төдий байж гэж өөртөө дүгнээрэй." 
"Чи гэхдээ өөрийгөө ядраагаад, зовоогоод байна шүү дээ."
"Хайрласнаасаа болоод ядарч байгаа бол тэр хайр биш. Хайрласнаасаа болоод зовж байгаа бол хайр бүр ч биш гэж би хэллээ. Би хайрласнаараа зовдоггүй, ядардаггүй. Миний хувьд хайр бол зөвхөн миний бясалгал биш, оршихуй болсон. Чи харин дэмий зүйлд санаа зовж байна."
"Чи өөрийгөө хамгаалж сурах ёстой."
"Хайр, өөрийгөө хамгаалах хоёр ямар учир зүйн холбоотой юм бэ? Би яагаад хайрлаж байгаагаа хамгаалах ёстой гэж? Надад байгаа хайр ертөнцийн бүх хүн амьтан, үзэгдэлд хүрэлцэхүйц учир энэ хайрыг хүртэх эрхгүй, ёсгүй гэж хайраа хүмүүсээс харамлавал жинхэнээсээ энэ хайр дуусна. Хайрыг хамгаалж болдоггүй. Хайрыг байлгах нь л чухал."
"Бурханд ч там байдаг нь түүний хүн төрөлхтөнийг хайрласан хайр нь гэж чи өчигдөр уншаа биз дээ? Чиний энэ хайр чинь чиний там байвал яах вэ?"
"Амьсгал авах мөч бүрээ мэдрэн, тэр амьсгал чинь хүртэл хайр гэж мэдэрч явахад тэр бол там биш. Хайрын чинь мөн чанрыг харин шууд эсрэг утгаар нь ойлговол магад тэр хайр хайр биш, там болох биз."

3 comments:

  1. Юу гэмээр ч юм дээ. Би хэтэрхий өчүүхэн бодож байснаа л анзаарав. Гэхдээ хайр бодлоос биш сэтгэлээс гардаг гэдэгт итгэдэг. Одоо сэтгэлрүүгээ нэг өнгийхүй...

    ReplyDelete
    Replies
    1. сэтгэл гэдэг агуу, тэрийгээ олж сонсох л хэцүү.

      Delete
    2. Гарцаагүй санал нэг байна..

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...