Tuesday, October 1, 2013

Бахархалын долоо хоног, хайрлах эрхийн хөдөлгөөний сонин сайхан, гэх мэт

Өнгөрсөн хагас сайнд "Мисс Бьютий" супер драг шоугаар дууссан Монголын анхны ЛГБТ Бахархалын долоо хоног үнэхээр олон зүйлийг харуулсан долоо хоног байв. ЛГБТ эрхийн хөдөлгөөн болон хөдөлгөөнийг бүрдүүлж буй төрийн бус байгууллагууд болох ЛГБТ Төв, ЗЭМ, Хамтдаа, Дэмжих болон эдгээрт харъяалагддаг байсан ба байгаа, эсвэл огт харъяалагдаггүй идэвхтэнүүдээс маш сайн, сайхан зүйлсийг олж харсан энэ богинохон долоо хоног нь угтаа нэг их богинохон ч биш, ЛГБТ хүмүүст шууд болон шууд бус хамааралтай үйл ажиллагаа албан ёсоор, байнга явагдаж ирсэн бүтэн 10 жилийг тоймлосон, дүгнэсэн, ирээдүйг төлөвлөсөн, урагш харсан үйл ажиллагаануудын цогц болов. Хамгийн чухал нь ЛГБТ хүмүүст хамааралтай асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагууд маань иргэний нийгмийн хөгжлийнхөө жамаар хөгжиж, чадавхжиж, мэргэшиж эхэлж буй нь миний хувьд олж харсан хамгийн том сэтгэл хөдлөм, бахдам зүйл байсан. Үнэндээ ЭБЭ асуудалруу ердөө ордоггүй, зөвхөн "ЛГБТ хүмүүс" гэсэн ангиллын цогцод нь гей болон бисексуал эрчүүдийн асуудлыг "гаднаас" нь хардаг байсан миний хувьд шилжилтийнхээ дараа яалт ч үгүй дотроос нь харах ёстой болоод, хараад, мэдрээд гей залуусаараа маш их бахархах сэтгэл төрснийг нуухгүй. Алдаж, онож, уйлж, хайлж, уухайлж, урамшсан энэ 10 жилээс бэлгийн цөөнх эрчүүдтэй ажилладаг байгууллагууд маань эхнээсээ мэргэшиж эхлэх ёстойгоо ойлгоод, цаашид нарийн зохион байгуулалттайгаар хөдлөж эхлэхээ "ЭБЭ 10 жил" хурал дээр хэлэлцэв. ЛГБТ Төв албан ёсны гэрчилгээгээ аваад, байнгын үйл ажиллагаатай болсноос хойш 4 насныхаа ойтой дөнгөж энэ 12 сард золгох ч, Монголын ЛГБТ хүмүүсийн хувьд эрх зүйн хүрээнд томоохон амжилтуудтай байсны хамгийн том нь 2013 оны 7-р сарын 3-ны өдөр батлагдсан УИХ-ын тогтоол байв. Хэлэлцүүлэг, яриа гэх мэт дээр хүмүүстэй ярьж байхад хариуцлагатай, төлөөллийг хангасан, ЛГБТ асуудлаар ажилладаг төрийн бус байгуулагууддаа чиглэл өгч байдаг ЛГБТ конгрессийг байгуулах санал хүртэл явж байсан гээд бодохоор, иргэний нийгэм гэдэг тухайн бүхэл нийгмийнхээ тусгал нь болдог гээд бодохоор бид Монголд ЛГБТ эрхийн хөдөлгөөний шинэ үе, шинэ түвшинг харж байна гэж хэлэхээс өөр аргагүй. Иргэний нийгмийн хөдөлгөөн боловсрох, хүчээ авах нь магад тухайн хөдөлгөөн хэр ардчилсан байгаатай, тухайн хөдөлгөөний манлайлагчид хэр оролцоо болон төлөөллийг хангах дээр анхаарал тавьж байгаатай шууд холбоотой гэж би боддог. 10 жилийн дараа л үнэхээр "БИД, ЛГБТ" гэсэн нэгдмэл сэтгэл оюуны дуудлагатай ажиллаж эхэлж байгааг, одоо л жинхэнэ нэгдмэл байр сууринаас мэргэшин хөдлөснөөрөө өнөөдөр хүрсэн амжилтаас илүү үсрэнгүй том том амжилт гаргах цаг хугацаа маш ойрыг олж харсан. Хамгийн чухал нь хайрлах эрхийн төлөө энэ хөдөлгөөнд шинэ залуу үеийн идэвхтэнүүд маань ямар оролцоотой байгааг хараад мөн их бахархсандаа. Өөрийнхөө хэн гэдгийг өөртөө бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийнхөө лесбиян, гей, бисексуал, омнисексуал, транс гэдгээрээ хүмүүсээс айж, нуугдаж биш, харин бахархан амьдарч буй бүх залуу үеийнхнээрээ би бахархсан. Та нарын төлөө л энэ эрхийн хөдөлгөөн явж, явагдаж байгаа юм шүү дээ, хойч үе минь. Гээд бас ярьвал олон л сайхан юм байгаа ч, жоохон нуршихаа болихоор шийдсэн учир ингээд энэ бичлэгийг дуусгая :D PS: Нээрээ өчигдөр орой ФБ-ээс ЗЭМ-д олооон жил санхүүгийн ажилтан хийсэн Янжаа эгч өчигдөр нас барсныг сонсч элэг эмтэрсэн. Ум маани бадме хум.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...