Wednesday, January 22, 2014

гэгэлзэх...

11-р сарын цасанд

...өглөө сэрэхэд нэг л бүүдгэр. "орой болтол унтамгүй" гэж бодсоор босоод хөшиг нь байнга хаалттай байдаг цонхон дээрээ итгэлгүй очоод хөшгийг нэвт харах мэт хэсэг зогсов. нам гүм, сав саарал. машины чимээ, хүмүүсийн хөлхөөн, хүүхдүүдийн тоглох, ядаж л болжморын жиргээн - бүр юу ч үгүй. нүцгэнээрээ унтдаг түүнийг хэн нэгэн харчихвий гэсэн шиг хөшгөө нэг талаас нь сэмхэн ярж гадагш харахад цас будраад зогссон, тэнгэр бүрхэг хэвээр: цасны сүнс бүх зүйлийн эцэс төгсгөлгүй, утгатай, утгагүй яриаг таслаад зөвхөн аниргүй цагааныг үлдээж. тайвширав. буцаад хэвтлээ. олон жил зөвхөн ганцхан хүн байсан зүрхнийхээ өнгө, аяыг мэдрэн агаарт үсэг, үг, өнгө, ая зурав, зурангаа хурууныхаа өндгөөр тэднийг илэв. өөр нэгэн саяхан сэтгэлд нь гэнэт орж ирснийг санаад бас түүний өнгө, аяыг илэв. "зөвхөн хий хоосныг илсээр хэдэн ч жил болов доо" гэсээр гэнэт гэгэлзэв. босоод шүршүүрт зогсов. усны зөөлөн дуслууд биеийг нь үнсэн таалав. тайвширав. уснаас гарч кофе тавиад үнэрт нь мансуурангаа хоёр аягыг уух зуураа бүүдгэр тэнгэрийг ширтэв. хэн нэг, хаа нэгтээ түүнийг дуудах мэт.. тэр, бас тэр, тэр... мэдээж тэр, тэр, бас тэр, бас өөр хэн нэгэн, дахиад нэг, бас тэр... өнгөрсөн одоо ирээдүйн бүх амрагууд нь түүний нэрийг, сүнсийг өөрсдийн хоолойгоор, эсвэл бичгээр, эсвэл сүнсээрээ дуудах мэт тархинд нь бодол үгүй мөртлөө сэтгэл нь гэнэт хаашаа ч юм яарав. дахиад л гэгэлзэв. цасыг сүнсэндээ шингээх тусам гэгэлзэв. гарахаар шийдэв. түүнийг гэрээсээ гарахад цас дахиад орж эхлэв. арван нэгдүгээр сарын дулаан цас том том ширхэгээрээ түүнийг тэврэн үнсэв. эргүүлээд тэр цасыг үнсэв. хэсэг дээш харж цастай тэврэлдсэнээ "хүмүүс намайг үнэхээр солиорчиж гэж бодно" гэсээр байж суухаа мэдэхгүй, гэрийнхээ нэг булангаас нөгөөрүү холхихгүйн тулд, ядаж л олны дунд ганцаардахын тулд ордог жижиг барлуугаа алхав. тэнд түүний найзууд, танилууд, хайртай байсан, байгаа хүмүүс бий. цас түүний гэгэлзлийг нэг сэдрээж, нэг тайвшруулсаар нэг л харахад хоёр километр алхсан, цасанд даруулсан, тэр нь малгайруу нь хайлж орж. ухаан орохоос нь хойш түүний хамгийн хайртай байгалийн үзэгдэл болох цас түүнийг тайвшруулдаг ч өнөөдөр яагаад ч юм тэр дуу хоолойнуудыг сэтгэлд нь сэдрээсээр. тэсгэлээ алдсан тэр алхангаа нэг орилов. цочсон хүмүүс түүнээс холуурхан тойрно. "хэн? юу? яг яагаад байна? юу хэлээд байгаа юм бэ?" тэр цастай ярих гэж оролдох ч цас зөвхөн сэтгэлийнх нь байхгүй мэт байлгадаг тэр орон зайг сэдрээнэ. баранд ороод суудаг суудалдаа суугаад хүмүүстэй мэр сэр юм ярьсан ч ямар нэгэн зүйлийг, хүнийг хүлээв. ярианд анхаарах сөхөөгүй. гэгэлзсээр. найзууд нь, түүний хайртай байсан, байгаа хүмүүс бүгд тэнд ч сэтгэл нь гэгэлзсээр... "хэн намайг дуудаав? хэн? хэн???"

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...