Monday, March 24, 2014

үл үзэгдэх захидлууд

цонхон дээр нэг үл үзэгдэх захидал байхыг би сая л олж харлаа. "би энд хүлээж л байна." юуг хүлээсэн хүн хэзээ үүнийг бичсэн юм бол. илүү ч үгүй, дутуу ч үгүй: "би энд хүлээж байна." заримдаа үл үзэгдэх захидлууд шатаасан үнс, цантсан цонхон дээрх утгатай утгагүй хурууны мөр, хүний үнэрээр ирдэг. яах гэж, хэнд, юу бичдэг юм бол, бид... үл үзэгдэх захидлууд амиа хорлосон хүний сүүлийн үгтэй адил мэт. тэр үгийг нь хэн ч сонсоогүй. хэн ч хараагүй. гэсэн ч байсан. түүх гэдэг бичигдсэн учир л түүх болдог юм уу? мэдэрсэн учир, байсан учир түүх болдог юм уу? түүхчид "бичигдээгүй бол байгаагүй" гэж хэлэнгээ өөрсөддөө эргэлздэг болов уу. хүн амьсгал хураах тэр мөчид эсвэл тархи нь уусан эмэндээ хордоод солиорлын дээд цэгт хүрч, хий хоосон зүйлсийг хардаг (миний бие дээгүүр дүүрэн цагаан хулганууд гүйлдэж байсан тэр зураг, мэдрэмж одоо хүртэл, хорин зургаан жилийн дараа ч амьд байдаг), судсаа ханасан бол харин гүн гүнзгий цэвдэгт автдаг. сүүлийн үгс, сүүлийн үгс гэдэг үл үзэгдэх, харагдах захидлууд. хэн нэгний эцсийн амьсгалын цөхрөлийн шивнээ, гэхдээ үндсэндээ орь дуу надад өд сөд мэт мэдрэгдэж байсан... ухамсрын түвшин биш, бүр зөвхөн зөв совингийн өд сөд. өнөөдөр нэгэн амиа хорлолтын тухай сонсоод сэтгэл минь цочирдсонд. "би яаж чадах байсан бол?" гэж өөрөөсөө асуусан. гэтэл даанч би тэр хүнийг таньдаг байгаагүй. миний сайн таньдаг, таньдаг учир гоо сайхныг нь дэндүү мэдэрсэн, амьдыг нь хайрладаг нэг ч хүн амиа хорлох гэж оролдож байгаагүй, тэрийг нь би хэзээ ч зөвшөөрч байгаагүй. надад тийм зүйл мэдэгдвэл тэрийг нь таслан зогсоож зөвхөн хайр өгдөг учир... гэхдээ үхэл үхэл үхэл үхэл үхэл үхэл үхэл... амьдарч буй бидний хажууд алхсаар. үл үзэгдэх захидлууд, өд сөдний сэвэлзээ... ум маа ни пад ме хум.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...