Monday, April 21, 2014

Багтарч үхлээ буюу транс охид, бие эрхтэний автономи, биеэ үнэлэлт г.м.

Өглөө төвийнхөө фэйсбүүкээр үзсэн бичлэг намайг батралын байдалд оруулав. Тэр нь гайгүй болох биш бүр минут бүр ихсэх шинжтэй. Энд амныхаа сулиаг гаргахгүй бол хажуудаа байгаа хүмүүсрүү уураа гаргаж эхэлж магад.

Транс охидыг биеэ үнэлж байна хэмээн ТВ8 телевиз 2014 оны 4-р сарын 16-нд нууц бичлэг хийснээ цацсан байх юм. Тэрийг нь өглөө олж харсан минь энэ. Энэ асуудал үүх түүхтэй. Чингэлтэй дүүргийн эргүүлийн цагдаа 2014 оны 3-р сарын 26-наас 27-нд шилжих шөнө хоёр транс охиныг гадаа явж байхад нь "биеэ үнэлсэн" гэж баривчлаад, өглөө нь тэднийг байцаалт өгч байхад нь Нийслэлийн цагдаагийн дэд хурандаа Женисгуль хэмээх эмэгтэй ТВ8 телевизийг дуудан тэр хоёрын бичлэгийг бүрэн хийлгэсэн байв. Үнэндээ үнэхээр биеэ үнэлсэн үү, үгүй юу гэдгийг нь яаж тогтоосон юм? Яасан, ийш тийш нь гар хуруугаа хийж, үрийн шингэн байгаа эсэхийг шалгачих эмч Чингэлтэйд ажилладаг болчихсон уу? Хэзээнээс вэ? Тэгсэн бол овоо доо, зарим эрүүл мэндээ хамгаалуулж чадахгүй байгаа транс охид энэ аргыг хэрэглэж ядаж эрүүл мэндийнхээ үзлэгт орчихвол зүгээр шүү. За тэр тоглоом яахав. Цагдаагийн ч бай, сэтгүүлчийн ч бай ёс зүйд үл нийцэх энэхүү үйлдлээрээ хүний амь насанд шууд хүрэх үүд хаалгыг нээсэн асуудал үүссэн байсныг ЛГБТ Төв мэдээд яаралтай арга хэмжээ авч ТВ8 телевизийн мэдээний албанд транс эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг тайлбарлаад, ийн тэднийг гаргаснаар тэдний амь насанд аюул учирч болох талаар, ядаж нүүрийг нь гаргахгүй байх ёстой талаар албан бичиг явуулав. Мөн энэ талаар Хүний эрхийн үндэсний коммисст мэдэгдэв. Гэтэл ТВ8 телевизийнхэн энэ асуудлаар эргээд "нууц" сурвалжлага хийж, үнэхээр биеэ үнэлсэн ч юм уу, үгүй ч юм уу тэр охидын талаар ийм мэдээлэл цацсан байх нь бүх талаасаа огт байж боломгүй асуудал.

Биеэ үнэлэх гэдэг эцэстээ нийгмийн эрх мэдлийн гадна үлдсэн хүмүүсийн эсрэг эрх мэдэлтнүүдийн (шууд утгаар эрх мэдэл гэдийг зөвхөн засгийн газар гэж үзэхгүй, үүнд нийгмийн хэм хэмжээнд "энгийн" хэмээн тодорхойлогдсон бүх хэм хэмжээ, тогтолцоонууд багтдаг) гаргаж буй хүнлэг бус байдлын гэмт хэрэг гэдгийг хүмүүс минь ойлгооч ээ. Хэн ч хүссэндээ, үнэхээр секст дуртайдаа биеэ үнэлдэггүй. Секст дуртайдаа явж байгаа хүмүүс сексдээд л явдаг юм, түүнийхээ төлөө мөнгө авдаггүй юм. Үнэхээр ямар ч сонголтгүйдээ, өөрийгөө хэн гэдгээ мэдэрч байгаагаа гаднаа илэрхийлээд эхлэхэд чи хүн биш болдгийг би өөрийн мах цусаар мэдэрсэн. Шилжилтэнд орох хүслээсээ болж экс эхнэртээ ч хаягдаж байсан. Өнгөрсөн гурван жил хэлтэй устай, бас миний байдлыг мэддэг ганц хоёр төрийн бус байгууллагынхан байгаагүй бол, надаар орчуулга хийлгэдэггүй байсан бол би өлбөрөөд үхцэн, эсвэл өлбөрч үхэхгүйн тулд биеэ үнэлсэн байх байсан биз. Үнэндээ транс хүмүүсийн байдал ЛГБ хүмүүсийнхээс ганц зүйлээрээ ялгаатай нь ЛГБ гэдгээ нуугаад явж болдог бол транс хүмүүс нууя гээд ч нуух боломжгүй. Яаж ч байсан өөр л харагдаад, яаж ч байсан нүдэнд тороод байдаг. Үүнээсээ болж ч маш их хүчирхийлэлд өртдөг. Анхдагч гэвч хүчирхийлэл нь өөрийнхөө мэдлэг чадварыг бүрэн ашиглах боломжтой байтал зөвхөн төрсөн хүйсээсээ өөрөөр өөрийгөө мэдэрч, биеэ эрхтэнээ, үгүй ядаж хувцаслалтаа тохируулж өөрчилснөөс болж хүн биш болж, маш их эдийн засгийн, сэтгэлзүйн хүчирхийлэлд өртдөг. Хэрэвзээ ЛГБТ байх нь хэнд ч хамаагүй, зөвхөн мэдлэг чадвараараа амьдарчихаж болдог байсан нийгэм бол хэн ч хэзээ ч биеэ үнэлэхгүй. Учир нь биеэрээ мөнгө олох шаардлага хэнд ч тулгарарахгүй. 

За тэгээд эцсийн дүндээ биеэ үнэлэхийг мэргэжлээ болгоод авчихсан хүмүүс байнаа гэж бодьё. Хэрэв хэрэгцээ байгаагүй бол нийлүүлэлт үүсэхгүй дээ, тийм үү, үгүй юу. Тиймээс угаасаа нийлүүлэлтийг үүсгээд байгаа хүмүүсийнхээ асуудлыг янзлаач ээ. Ер нь нөхцөл байдал хэрэв ийм цэгт тулсан бол хамгийн бага хохирлын аргыг сонгох ёстой байдаг. Нийгмийн асуудлыг цэгцэлтэл биеэ үнэлж буй хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг хангах ёстой байна. Тэр биеэ үнэлж буй, үнэлэхээс өөр аргагүй байдалд байгаа хүмүүс биеэ үнэлэг ээ, дээр нь үйлдвэрчиний эвлэлээ байгуулаг, өөрсдийнхөө хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлог, эрүүл мэндийн бүрэн үйчилгээгээ аваг, хамгийн гол нь энэ их хар эдийн засгийн мөнгө татвартай болоод төрийн төсөвт орж байг. Юмыг заавал ёс суртахуундах биш, байгаа зүйлийг хэрхэн хамгийн боломжийн байдлаар хэнийг ч илүү үл хохироон зохицуулах ёстой дээр бодох ёстой болохоос биш муу муухайгаар нь дуудах, улам гадуурхах, улам эмзэг байдалд оруулах ёсгүй. Тэгээд л тэр. Ааа тийм бас сая гей ч гэнэ үү нэг Гонгор Энх гэх нэргүй, зураггүй хүнд "архичин", "трэнни" гэх мэтээрээ доромжлуулав, фб-ээр тэглээ гээд миний итгэл үнэмшлийг хэн ч зогсоож, намайг айлгаж, дуугүй болгож чадахгүй л дээ хэхэхэхэ

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...