Wednesday, June 25, 2014

Гурван жилийн өндөрлөгөөс хүйсийн шилжилтийнхээ талаар

Саяхан бараг хоёр жил тааралдаагүй нэг пацаантай тааралдав, дөнгөж шилжилтээ эхлээд хагас жил болсон үгүйтэй үед анх танилцаж байсан бололтойдог билээ. "Алтан хальс" холбооноос зохион байгуулсан Андэрграунд кино наадам үзчээд ханзодсон юм. Ханзод харин тэр залуутай тааралдахад "Хоёр жилийн дотор ингэж их өөрчлөгдөх гэж, ийм сээгсий залуу болчих гэж" гээд намайг хөөргөдөв. Би ч хөөрөв. Хөөрөхөөс өөр аргагүй. Нээрээ л шилжилтээ эхэлсэн 2011 оны 6-р сард, тэрнээс өмнө хайрт найзыгаа бурхан болоход "Нэгэнт л амьдрал тийм богино тул үйлийн үрээрээ амьдрах ёстой, тэгэхийн тулд шилжилтэндээ заавал орох ёстой" гэсэн шийдвэрээ гаргасан 2009 оны 5-р сард яг энэ цэгт, яг энэ цаг хугацаанд, яг энд, яг одоод ирсэн байна гэж төсөөлөө ч үгүй явж байсан. Хэн нэгэн "Тэгэх цаг нь ирнэ" гэсэн бол "Юу л бол" гэх байсан. "Яг энд" гэдэг нь өөрийн харагдах, сонсогдох, махан биедээ орших оршихуйдаа сэтгэл дүүрэн байх. Махан биедээ орших оршихуйдаа сэтгэл дүүрэн байгаа тул махан биеэ бүрэн мэдрэх, махан биеийн нөхцөлт хэсэг сэтгэлээ ч бүрэн мэдрэх, хүлээж авах. Мэдээж хар багаасаа байнга л өөрийгөө эрэгтэй гэж зүүдлэдэг байсан. Зүүдүүдээрээ, зүүд мэт мөрөөдөл, зүүд мэт мөрөөслөөрөө ингээд амьдарч байна шүү дээ гэдгээ өнөө өглөө гэнэт санасан чинь бүр уйлмаар болсон гэж. Хамар шархираад л гэснээс шилжилтээ эхэлсний дараа жил илүүтэй уйлж чадахаа больсон байсан. Харин одоо бол асгартал уйлж чаддаг болсон. Энэ гурван жилд хоолойны хөвч маань хүрэх хэмжээндээ бүдүүрээд, шингэхэн хоолойтой залуусаас ч бүдүүн дуутай болсон. Цээжнийхээ хагалгаа, дараа нь цээжнийхээ засвар хагалгааг хийлгэсэн, одоо футболк байтугай майк ч өмсч болно. Хэдэн жилийн дараа сорви нь цайрахаар нүцгэн ч явж болохтойгоо болсон. Мөнгөө цуглуулсаар л байгаа, энэ намар Бахархалын дараа хоёр дах том хагалгаандаа орно. Ах дүү хамаатан саднууд миний шилжилтийг нүдээрээ харж, чихээрээ сонсч, сүнсээрээ бүрэн мэдэрсэндээ төрсөн эгч нараас бусад нь бүгд хүлээн зөвшөөрсөн. Намайг албаар доромжлох санаа агуулсан хүмүүс л шилжилтийн маань үр дүнг үгүйсгэж "Эм", "Эр эм нь мэдэгдэхгүй ЮМ" гэдгээс биш шинээр танилцсан, намайг хэн ба юуг огт мэдэхгүй хүмүүс "Чамайг эрэгтэйгээс эмэгтэйрүү л шилжиж байгаа гэж ойлгосон шүү дээ" гэх цэг дээрээ ирсэн. Сэтгэл, сүнсний аяллууд хамгийн хүнд байсан л гэхээс өөр юу гэхэв. Шилжилтээ эхэлснээс хагас жилийн дараа "би"-г шинээр нээхэд түлхэн алмайруулсан хоёр жилийн дурлалын түүх бие махбод, сэтгэл зүй, үг хэлийн доромжлол, басамжлал, хүчирхийллээр өндөрлөсөн. Сүүлийн хагас жилийн дурлал харин өнгөрсөн, одоо, ирээдүйг марттал мөлхүүлсэн, архичин болгох шахсан. Арай л болчоогүй. Дөхсөн. Гэвч бүх зүйл утга учир, авцалдаа төгөлдөр байгааг сануулсан өнгөрсөн хэдэн хоногт баярлах. Гурван жилийн өндөрлөгөөс эргээд өөрийгөө харсан чинь "Ээ, мөн их сэтгэлийн хаттай, гүргэр, мөлхсөн ч, дүүлсэн ч хүнээрээ үлдэх тавилантай хүн ээ дээ, чи, Анар аа" гэж өөрөөрөө бахархах, өөрийгөө хайрлах мэдрэмж төрөх. Энэ апдэйтийг 6-р сарын 5-нд хийх ёстой байсан ч тэр үед юун бичих, юун бодох. Одоо харин тайвширсаар. Болох зүйлс болж, өнгөрөх зүйлс өнгөрч, явах хүмүүс явж л амьдралд минь, зүрхэнд минь орон зай гарах учир орон зай үүсч байгаад л баярлах. Эрэмдэг мэт харагдах ч эцсийн дүндээ наддаа л төгс энэ биеийг олсон гучин найман жил... Шилжилтээс хойших жинхэнэ өөрөөрөө амьдарсан гурван жил... Үйлийн үртээ баярлах. Миний амьдралд байсан бүгдэд, байгаа хэсэгт, үлдэх цөөнд баярлах. Ээждээ хамгийн их баярлах. Аавдаа ч мөн (аав маань нээрээ гей байсан байлээ гэж. Ээжийн хорин хэдэн жилийн надад хэлж байсан нэг зүйлийг тэр үед ээж ч, би ч огт тайлбарлаж чадахгүй байсан ч саяхан бодон бодон сайн ойлгосон нэг зүйл бий). За ингээд шинэ орон зайнууд ум сайн амгалан орштугай. Хэдэн жил үлдсэн амьдралаа утга төгс амьдарсаар байхын төлөө. Хайрлахын төлөө, хайрлуулахын төлөө!

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...