Wednesday, August 13, 2014

хүмүүн ба үхэл

харанхуйд, бүгчимд хүн сууна. өвдгөө дэрлэсэн тэр чармай нүцгэн. агааргүй, хавчиг орон зай халуун ч газар удаан суусан түүний бөгсөн бие мэдээгүй, бас хүйтэн. хэр удаан сууснаа тэр үл санана. ой санамжаа бүрэн алдсан тэр харанхуйгаас айх хэрнээ босоод гэрлээ асаахыг, түүний сэтгэлийн хоосны цуурайг сарниах авиаг хүсэх ч цонхоо нээж эс чадна. түүний дотор ноёлсоор буй хоосны цуурай бол дэлбэрэлтийн дараах нам гүм. нүдээ хааяа анин юунд ч юм бэ шаналах шаналал нь мөөрөлт, гиншилтээр амнаас нь унана. өөрөө ч цочно. юунд шаналан суунав? ой санамжаа алдсан тэр шаналалаа л мэднэ. бас мэдэрнэ. хар, бараан, саарал сүүдрүүд хааяа тунан, хааяа шигүүрч, хажуугаар нь хэлхэлдэхийг шар үсээрээ мэдрэнэ. сүүдрүүд. сүүдрүүд байсан, байсаар л байна, байх ч болно. бүгчим харанхуйд чичрэн суух тэр нүдээ анихад л хангалттай. дотор нь зөвхөн саарал хоосон.

хайран...хайрлам... тэмтчээд намайг л олдог чи надаас хэр удаан зугтах билээ. ганцхан намайг л чи эрсээр. харин би чамайг л ээрсээр. хэдэн ч жил чамд хань болов. чи намайг хардаггүй. нүдний чинь ёроолд мөнх шигдсэн гуниг -- миний амьсгал. 
 
орилсоор хоолойгоо алдсан тэр суухаас өөр юу ч хийж чадахгүй. суух нь түүний оршихуй болсон. төөрөлддөг хонгилоор гэрээ хийчээд тэндээ ийн суух. хүний нийгэм түүний амьдралын захыг нэвтлэн, ус мэт түүний үйлдэлд нэвчих ч, тэр чухал биш. юу ч чухал биш. юу чухал байсан юм бэ? мэдэхгүй. зөвхөн мэдрэмж л. мэдрэмж... харанхуйд гэрлийг, бүгчимд салхийг, хоосонд дүүрнийг, хөдөлгөөнгүйд урсгалыг мөрөөдөн, бас сэтгэлдээ байхгүйг ургуулан мэдрэн суух тэр аль хэдийн хатингаршсан. түүний үггүй шаналал сэтгэлийнх нь хоосноос урган хоосон ч хар дарам үзэгдлүүд болж бодлуудыг нь, биеийг нь эзэмдэнэ. айдас. жихүүдэс. үнэнийг ийм олон жил хөөсөөр "үнэн" гэдгийг олсон ч тэр нь ийм өрөвдөм, өчүүхэн байсантай үл эвлэрэн суух тэр өнөөдөр, маргааш, өнгөрсөн, ирээдүйгүй. тэр зөвхөн одоо. цаг хугацааны мөн чанарыг тэр нээсэн. цаг хугацааны урсгал зөвхөн дотор нь хөвөрдгийг тэр мэднэ. гадна бүх зүйл хоосон.

надаас бүү ай. бүү ай. бүү ай. бүү ай. бүү ай. чи минийх, би чинийх.  алхам тутамд чинь зөвхөн би хажууд чинь байсан, чи мэднэ. бүү ай. харанхуйруу ширтээд өөрийн гэсэн бүх тодорхойлолтоо алдах хүртэл сүүдэрт уусахад чинь би тэр сүүдэр байсан. бүү ай. дахин дахин дахин чи миний нүдрүү ширтсэн ч олж хараагүй. ганц амрагаа чи одоо ч олж хараагүй. өөрийгөө хууран, утгыг үүсгэн ядан тэмчтих болгондоо үзүүрээс нь барих тэр хуурай, зөөлөн тайтгарал чинь би байсан. бүү ай.

харанхуй шингэрсээр. тэр дахин амьсгалав. ёстой учир. сэтгэлээр үхсэн нэгэнд ирээдүй үгүй. юу ч үгүй. шаналал л үнэн. хоосны шаналал. эцэсгүйн цөхрөл. өнө мөнх давтагдах өглөө орой шиг хүний төрөл хэзээ дуусах бол...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...