Monday, October 27, 2014

хэвтээ нь босоо, босоо нь хэвтээ

а: сайн байна уу. юу хүлээж байгаа юм бэ?
х: юу ч биш. уначихаад босмооргүй санагдаад хэвтэж тэнгэр ширтсээр уйдаад, тэгээд босч суугаад, суусаар уйдаад доош харж хэсэг хэвтсэн ч босмооргүй санагдаад газар холбирч байгаа нь энэ.
а: яагаад суугаагаа, хэвтээгээ мэдэхгүй ч суусаар. чи эхлээд унасандаа шаралхаад гүрийхээр шийдсэн юм уу? угаасаа чи босоо байгаагүй, яг наад суугаа байдал чинь чиний босоо байдал ч юм билүү? чи унасан гэдэгтээ итгэлтэй байна уу?
х: чи ямар олон долоон юм асуудаг юм? хэн болоод хүмүүсийн дотрыг янз бүрийн тэнэг асуултаараа онгичиж болно гэж бодоов? миний хэвтээ, босоо, мөлхөө чамд хамаагүй. ирсэн замаараа явж буй газарлуугаа явсан чинь өлзийтэй шүү. чамд хариулмааргүй, чамтай ярьмааргүй байна. явж үз.
а: уучлаарай, ихэнхдээ хүмүүс миний асуултуудыг сөргөөр хүлээж авдаггүй ч чи нээрээ л унасан бололтой.
х: явж үз. солиотой юм уу, чи? хэвтэж байгаа хүнээр тохуурхмаар байна уу?
а: би асуулт асуухын тулд, өөрийнхөө мэдэж, мэдэрч буй зүйлсийг баталгаажуулахын тулд аялдаг ийм нэгэн аялагч. чи миний зам дээр хэвтээ таарсан. ихэнх хүмүүс уул нь босоогоороо таардаг ч хэвтээ таарсан учир ингээд чамайг ээрээд байна. хэрэв чи миний замд таараагүйсэн бол би чамаас юм асуухгүй, чи миний асуултанд хариулах албагүй байх байсан. одоо ч хариулах албагүй. гэхдээ би асуух зүйлсээ асууж байж, бүх хариултыг сонсч байж эндээс явах учир сониуч занг минь өршөө. хоёулаа хэсэг л ярилцъя. тэртээ тэргүй чи хэвтэхээс өөр зүйл хийгээгүй л байнадаг.
х: тэр нь тийм. гэхдээ чамд хариулахгүй гэж болно гэж чи өөрөө хэлснээ санаарай. хүссэнээ асуу.
а: чи түрүүн унасан гэсэн. яг унасан юм уу? хүн унагаасан юм уу? эсвэл юмнаас өнхрөө юу? хаанаас өнхрөөв?
х: айн гээд уун гэж бай. би бас чамтай адил аялагч. чамаас ялгаатай нь асуулт асуухын тулд аялдаг хүн биш. эхэндээ би яах гэж аялж байгаагаа мэддэг байсан ч, цаг хугацаа өнгөрөх тусам тэр анхдагч зорилго мартагдсан. гэсэн ч анхдагч зорилгоос илүү сонирхолтой байсан учир аялсаар л. олон жил энэ замаар аялсан даа. заримдаа замын нэг газар ирээд эхлэлрүү дахин буцах хэрэг гарна. буцаад л аялна, эхлэл цэгтээ очно. тэгээд дахин аян замд гарна. нэг л зам, нэг л харгуйг олон янзаар туулахыг өдөр болгон мэдэрнэ. энэ удаад би үнэхээр өөрөө унасан. өмнө нь хүмүүс намайг явган, мориноос, тэрэгнээс унагаж байсан удаа цөөнгүй л байв. харин энэ удаа би өөрөө сонгож унасан.
а: чиний духнаас чинь цус гараад тав болоод тогтож. өвдөж шаналах өөр зүйл алга уу? би чамайг ойрхон хотруу үүрч хүргэж өгч болно шүү.
х: чи тааралдсан хүн болгоноо ингэж өрөвдөөд байдаг уу? адгийн алуурчин шархадсан мэт жүжиглээд хэвтэж байвал чи өрөвдөж үүрч яваад алуулах хүн байна даа.
а: за өрөвддөг гэхээс илүү ямар хүн, яагаад ийм тийм бодол агуулдаг гэдгийг нь л мэдэх сониуч хүн. би чинь асуугч шүү дээ.
х: уналт. чиний эхний асуултруу эргэж очьё. би аялаад л, эцсийн зорилго, хүрэх цэг, очих газаргүй мэт л энэ л замаараа өгсөн уруудан олон жил аялахдаа үүнээс өөр зам байгаа болов уу гэж өөрөөсөө мөн олон удаа асуусансан. нээрээ үүнээс өөр зам байдаг уу?
а: үүнээс өөр зам байхгүй. энэ зам бол цор ганц зам.
х: тийм ч биз. байсан бол түүгээр нь аль хэдийн яваад эргээд ирсэн, эсвэл дахин хэзээ ч эргэж ирэхгүйгээр төөрсөн байх байсан биз. өөр зам үгүй бол өдөр, орой, шөнө, өглөө л өөр болохоос энэ л зам, энэ л харгуй. учрах элдэв сонин сайхан, хүмүүс, ан амьтан хүртэл сүүлдээ давтагдмал санагдаад ядраад... ядрах хэрнээ "урагш явах ёстой" гэсэн бодолдоо дарамтлагдаад эхэлснээ би ойлгосон. тэгээд л унаж явсан мориноосоо өнхөрч унаад тэр чигтээ энд хэвтэж байна. морь нэлээд олон хоног миний хажууд идээшилсэн ч сүүлдээ эмээл бүүргийг нь суллахад нутагруугаа давхих шиг болсон.
а: чи тэгээд одоо эндээсээ хөдлөхгүй юу?
х: хүсвэл хөдөлнө. одоохондоо хүсэхгүй л байна. тэр болтол эндээ хаашаа ч яарах шаардлагагүй, хэн ч намайг хүлээгээгүй орон зайд ганцаар... хэзээ л бол хэзээ нүдээ аниад эргээд нээхэд минь бүх зүйл миний л замын үргэлжлэл. өөр хэнийх ч биш. энэ л чухал бололтой.
а: энэ л чухал гэдгийг чи яаж мэдэж байгаа юм? чамд тавьж явууламгүй үнэт зүйлс, хүмүүс байгаагүй гэж үү? дахин хэзээ ч харахгүй гэхээр зүрх чинь шимширч, сүнс чинь агшиж, амьсгал чинь боогддог хүмүүс байхгүй гэж үү?
х: байсаан. одоо ч байгаа. олон ч байсан. байсаар ч байх болно. гэхдээ яг одоогоор бүгдээс салах энэ хэвтээ мэдрэмж л сайхан байна. хэвтээ учир хүмүүс намайг хүн ч гэж тоохгүй байх нь их. амар. бараг л тэр нь дээр. намайг хэвтээ мөртлөө үнэндээ босоогоос илүү босоо гэдгийг олж харах хүмүүс амьдралд минь ганц нэгээр чам шиг орж ирэхийг нь хараад л, ажиглаад л сууж байна. 
а: хэвтээ мөртлөө энэ чинь чиний босоо... магад бас миний босоо. чамайг анх хараад хэвтээ чинь босоо юм уу гэж яагаад асууснаа мартаж. чи дэндүү өөртөө сэтгэл хангалуун, баяр хөөртэй, аз жаргалтай харагдсан учир тэр байх. 
х: чиний хэвтээ миний босоо, эсвэл миний хэвтээ байхыг хэн ч мэдэхгүй. чи л мэднэ. харин миний хэвтээ бол миний цор ганц босоо.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...