Thursday, March 26, 2015

Онол номер 36: хувийн асуудал бол хувьсгалын асуудал

Сайн байна уу, блог минь гэж. Нэг сар бичсэнгүй. Бичих зүйлгүйдээ биш, хувь ч, хувьсгал ч маш завгүй байсандаа. Энэ жил их олон зүйлс төлөвлөгдсөн, хийгдэж буй учир. Хувь, хувьсгал гэснээс нээрээ энэ хоёрыг ялгах ёстой гэж хэлдэг дээ, үүн дээр нэг юм бичмээр санагдаад. Хувь, хувьсгалыг ялгах ёстой, би санал нэгддэг. Хувийн ядмагхан хүрээний үзэл бодол, хүмүүжил, орчноос улбаатай сайн муугийн тухай ойлголтыг хувьсгал буюу хийж, гүйцэтгэж буй ажил албандаа тусгах ёсгүй, хувьдаа завшихын тулд хувьсгалын зүйлсийг хийх ёсгүй гэдэг дээр бат зогсдог. Ямар тохиолдолд хувийн асуудал хувьсгалын байхыг хүлээн зөвшөөрөх вэ гэсэн чинь дараах:

Гэртээ "Охин юм байж эмэгтэйлэг, зөөлөн бай", "Эр юм байж охин шиг гэдгийг нь", "Гэрлээч, аг гучаа өсгөе", "Муу гомо", "Муу лесбиян" гэж гэрийнхэндээ нүд үзүүрлэгдэж буй, алгадуулж буй, зодуулж буй, хөөгдөж буй гей залуус, лесбиян охид, бисексуал хүмүүс, транс охид, транс залуус. Сургуулийнхаа ноольд, хонгилд, ард, урд, хойно бусдад доромжлуулан, өмдөө шувтлуулан, нулимуулан, цохиулан, тархиа хагалуулан, хамраа хугалуулан зогсч буй гей залуус, лесбиян охид, бисексуал хүмүүс, транс охид, транс залуус. Цайны цагаар хамт ажилладаг хүмүүс нь түүнээс зай аван суух, ороод ирэхэд нь яриагаа хураан, түүнлүү дооглосон, үзэн ядсан, өрөвдсөн, бүр тэр бүү хэл харчихвал нүд нь сохрох мэт түүнийг харахаас дотор нь муухайрч буй мэт "ҮЛ БАЙ" харцаар өдөр бүр зодуулж буй гей эрчүүд, лесбиян эмэгтэйчүүд, бисексуал хүмүүс, транс хүмүүс. Цэцэрлэг эсвэл сургуулиа тарж гэртээ ирээд "Ээж ээ, жижиг ээж, та бид гурав гэр бүл, тийм ээ?" эсвэл "Тамираа аав та хоёр хоёулаа миний аав, тийм ээ?" хэмээн нулимстай асууж хүүхдүүд. Эмнэлэгт түргэнээр хүргэгдсэн ч эмнэлгийн ажилтнуудын мэдлэггүйгээс янз бүрийн тохуурхлыг мэдрэн хэвтэж буй транс залуус, транс охид. Өөрийн оршихуйн тусгал болох ижил хүмүүсээ өдөр бүр харах, сонсох боломжгүй гэж боддогтоо хүмүүсийн дунд цор ганцаараа мэт өөрийгөө мэдэрдэг олон мянган өсвөр үеийн гей залуус, лесбиян охид, бисексуал хүмүүс, транс охид, транс залуус. Өөр ямар ч сонголтгүй хэмээн өөрсдийгөө бодоод аргагүй эрхэнд эсрэг хүйсийн хүмүүстэй гэрлэж, хүүхэдтэй болж, ямар ч хайр мэдрэгддэггүй хүйтэн хөндий орчинд хүүхдээ өгсөхчөөн аядаж буй давхар амьдралтай, өөрсдөө өмнөх нийгмийн золиос учир бусдын аз жаргалыг золиослогч лесбиян хүмүүс, гей хүмүүс. БАС сэтгэл, оюун, биеэрээ бие биедээ дурласандаа, хайрласандаа болзож, уулзаж, дэр нийлүүлж, хамт амьдарч, сүнсээ хуваалцаж буй лесбиян хосууд, гей хосууд. Олон тэрбум хүнээр дүүрсэн дэлхий дээр хайр гэдэг зүйлийг харилцан мэдрээд хоёр биеийнхээ төлөө амьсгалж, алхаж, амьдарч буй лесбиян хосууд, гей хосууд. Хүүхдээ гаргаад, гаргуулаад, өргөж аваад, хайраар дүүрэн халуун орчинд хүүхдээ хамт өсгөөд, цэцэрлэг сургуульд нь ээлжлэн хүргээд, тэднийгээ эрийн, эмийн цээнд хүрч буйг харж буй лесбиян хосууд, гей хосууд. 

Нийгмийн салшгүй хэсэг. Байсаар ирсэн хэсэг. Байгаа хэсэг. Байсаар байх хэсэг. Мэдлэггүй, ойлголтгүйн "ҮЛ БАЙ"-г өдөр бүр даван туулсаар, сурсаар, хөдөлмөрлөсөөр, төрийн үйлчилгээ үзүүлэгч бүгдийг санхүүжүүлэгч татвараа төлсөөр ч хүн биш мэт үзүүрлэгдсээр, чимээгүйхэн гэлдэрсээр, гүйсээр, дүүлсээр яваа энэ хүмүүс. ЛГБТ ХҮМҮҮС. Миний хүй олон нийт ийм л байгаа учир хувийн асуудлаа хувьсгал болгохоос өөр аргагүй. ЛГБТ хүмүүсийнхээ чөлөөтэй, айдас түгшүүргүй амьсгал авах эрхийн төлөө үг хэлж, үйлдэл болгож, алхаж жагсаж, баярт болон эмгэнэлт цус нулимсаа урсгаж  амьдарсан хүний хувьд алхам бүрт минь хувь, хувьсгал хоёр холилдсон байдаг. Үгүй тэгээд өөр яалтай ч билээ. Миний ямар үйлийн үрээр хэн болж төрснийг минь, хэнийг хайрлаж байгааг минь шүүн буруушаах, үл хүндэтгэн дорд үзэх эрхтэй гэж үздэг олон сая хүмүүсээр хүрээлэгдсэн цагт ингэхээс өөр аргагүй. Зүй бус зүйл болгон зүгширтэл, бид ч иргэн, бид ч тэгш, хууль биднийг ч хамгаалдаг, бидний хайр ч яг адил, бидний хүүхдүүдээ өсгөж буй орчинд бидний ч гэр бүл гэр бүл утгаараа хүлээн зөвшөөрөгддөг, хамгаалагддаг, халамжлагддаг, хамгийн гол нь харагддаг, бидэнд буюу гей эрчүүд, лесбиян эмэгтэйчүүдэд, бисексуал хүмүүст, транс хүмүүст яг миний л хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, биднийг буюу гей эрчүүдийг, лесбиян эмэгтэйчүүдэдийг, бисексуал хүмүүсийг, транс хүмүүсийг хараад "Паа пүү пий, бузар булай, цаашаа хойшоо" гэдэггүй болтол, байсаар, байгаа, байх хүний оршихуйн салшгүй хэсэг гэдгийг ойлготол хувийн асуудлаа хувьсгал болгохоос өөр аргагүй. 

Би ч азтай л даа. Хэн ч юу ч яаж ч байсан үнэт зүйлсээ тэвэрсээр, тэдгээрээрээ амьсгалсаар ирсэн надад хувьдаа хүсэх зүйл одоо ганц нэг л бий, шилжилт, эрүүл мэндтэй л холбоотой. Даварвал бас нэг өөр зүйл бий, тэр ч яахав, хоёрдагч. Өөр юу ч хүсэхэв. Хайр байна уу? Байна. Түрээсийн ч гэсэн хайрттайгаа хамт амьдардаг өөрийн орон зай, бид хоёрын гэр орон байна уу? Байна. Сайхан ханилсан найз нөхөд байна уу? Байна. Үхтлээ хайртай ажил байна уу? Байна. Сэтгэлийн дуудлага ижил хамт ажилладаг хайрлам, бахархам хүмүүс байна уу? Байна. Хөөрхөн муур байна уу? Байна. Хоёр гар, хоёр хөл, хоосонгүй тархи байна уу? Байна. Харин ЛГБТ хүмүүсийнхээ төлөө буюу хувьсгал болсон хувь буюу хүй олон нийтийнхээ төлөө хүсэх, хийх зүйл дэндүү их. Ямартаа ч ЛГБТ Төвдөө олж ирж байсан захиргааны зардлаа дараагийн хоёр жилдээ баталгаажуулсан ч хийх зүйлс дэндүү их учир улам том хүрээгээр харах, сэтгэх, түншлэх шаардлага гарч байна. Бодож, төлөвлөх, гүйцэтгэх зүйлс асар их байна даа. Хэдэн томоохон түншлэлүүдийг үүсгэж, бэхжүүлэхийн төлөө энэ жилээ зарцуулах бололтой.

За тэгээд энэ жилийн "ЛГБТ залуус" хүрээнд хийгдэх 5-р сарын 17-ны Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдрөөр та бүхэндээ төвийн дэмжиж ажилладаг шинэ залуу үеийн ЛГБТ эрхийн төлөө тэмцэгсэд болох залуу манлайлагсдын хөлс, баас, нус нулимсаа урсган барин хийсэн, бүтээсэн, туурвисан зүйлсийг танилцуулах боломжийг тэсэн ядан сууна. Бид "ҮЛ БАЙ"-х ёстой хүмүүс биш, байсан, байгаа, байх хүмүүс. Тэрийг хэн ч битгий мартаарай.

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...