Tuesday, May 26, 2015

Ардчиллын дефицит ба ЛГБТ эрх

Ардчиллын дефицитын асуудал зөвхөн төрийн үйл ажиллагаан дээр байгаа гэж бодно уу? Харамсалтай нь иргэний нийгмийн түвшинд ч энэ асуудал бас л хэцүү. Шударга, тэгш нийгмийн төлөөх иргэний нийгмийн нийт олонлогоос бүрдсэн хөдөлгөөн нь тухайн нийгэм болоод хүн судлалын маш баялаг талбар санагддаг. Хүн оршихуйгаас үүдэлтэй (хүн оршихуй гэдэг нь хүн байхтай холбоотой материаллагаас аваад материаллаг бус бүх төрлийн хэрэгцээ гэж ойлгож болно), бусдад гэм хор хүргээгүй л бол өөрөөрөө, чөлөөтэй, эрүүл, тайван, аюулгүй, орох орон, идэх хоолтой байх, боловсрол олохыг багтаан байнга өөрийгөө хөгжүүлэх, дэвших боломжтой байх гэх мэт үндсэн эрх, дагалдах "эдгээр нь шаардлага хангахуйц түвшний байх" гэсэн нэмэлт асуудлыг агуулсан ийм л ажиглалтын цэг. 

Монголд маш олон тохиолдолд ЛГБТ эрхийн хөдөлгөөн нь хүний эрхийн олонлог асуудлаас бүрдсэн нэгдмэл хөдөлгөөн дотроо шоовдор хүүхэд шиг. Миний л мэдэхийн 2000 онд анх Тавилан үүсгэгдээд ажилладаг байсан, нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ хийгдсэн 2000 оны зунаас хойш иймэрхүү л төрхтэй хэвээр. Өнгөрсөн жил төвдөө томилогдохдоо "Олон зүйл өөрчлөгдөө л байлгүй, Отгонбаатар маань томоохон байгууллагуудын удирдах зөвлөлд ЛГБТ олон нийтээ төлөөлж овоо удаан суусан юм чинь" гэсэн бодол өвөрлөөд ирлээ, ажиглалаа, гэтэл бас үгүй юм байж. Мань хүнийг хэлбэр төдий төлөөлөл болгосон байж уу, эсвэл үнэхээр ЛГБТ асуудлыг яриад байхад нь хүлээж авдаггүй байсан уу, ёстой бүү мэд. Ямартаа ч жилийн дотор нэлээдгүй ажиглалтууд цугласны хамгийн чухал нь ЛГБТ хүмүүс хүн л учир хүний бүх л хэрэгцээтэйг мартдаг байх гэсэн хамгийн том ажиглалт. 

Хамгийн ойрхон жишээ дурьдахад: гэр бүлийн хүчирхийлэл. ЛГБТ хүмүүсийн хамгийн өргөнөөр өртдөг хүчирхийлэл бол гэр бүлийн хүчирхийлэл. Хаана ч, хэзээ ч ойлгомжтой асуудал. Гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө жендэрт суурилсан хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний ойлголт. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэж хаа газар ойлгодгоос, тодорхойлдгоос, түүний дагуу үйл ажиллагаагаа явуулдгаас гэр бүлийн гишүүдийн зүгээс болон ижил хүйсийн дотны хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртсөн ЛГБТ хүмүүс, тэр дундаа гей эрчүүд дэндүү байдалд дахин дахин орж байгааг хараад л суух... Хараад л сууж болмооргүй ч яагаад ч юм хараад л суух. Эцсийн дүндээ жинхэнэ оролцооны үндсэн дээр нөхцөл байдлыг тогтоодоггүй, бодит оролцоог хөхиүлэн дэмждэггүй, "нөхцөл байдал ийм байна, ингэж ажиллавал энэ хүмүүст хүрэх гээд байна"-ыг сонсдоггүй, товчдоо Монгол Улсын хаа газар амаараа шороо үмхээд байгаа ардчиллын дефицитын асуудал л болж байх шиг байна даа гэж. Төр ч, төр бус ч нөхцөлд.

Төр нь ЛГБТ хүмүүсийг зөвхөн нэгдэж орсон олон улсын гэрээний хэрэгжилтээ тайлагнахдаа санахчаан аядах. Тэгэх тэгэхдээ албан ёсоор бидэнд хэзээ ч хандаггүй, төвийн фейсбүүкийн пейжээр маань "ЛГБТ хүмүүс эсвэл танайд бүртгэлтэй байдаг ЛГБТ хүний тоог хэлж аль" гэж гишүүнчлэлгүй, нийтэд үйлчилдэг байгууллагыг нь мэдсээр байж, бүх талаас нь хагас дутуу асуудлыг оромдох. Тохироо нь бүрдвэл төр нь төр бус-тайгаа хамжиж байгаад ЛГБТ асуудлыг албаар хаясан, орхигдуулсан олон жишээ татагдах ч саяхны тод жишээ нь Монголын залуучуудын холбооны Засгийн газартай хамтарч зохион байгуулсан гэх "Нэг Ази" олон улсын хурал. Хурал зохион байгуулах чимээнээр Залуучуудын хөтөлбөрийн менежерээ нэг жил ажлаа хангалттай түвшинд хийсэнгүй, түншлэл үүсгэж, хөгжүүлэх ёстой байгууллагуудын нэг болох МЗХ-той ажиллаагүй учир ийм мэдээллээс хоцорлоо гээд л баахан нервтэв, зэмлэв. Нервтэж зэмлэж дуусаад ийш тийш имэйлдэв, албан бичиг явуулав. Тэр хооронд хурлыг санхүүжүүлсэн гэх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны асуудал хариуцсан газрын дарга нь ичмээр, үндэслэлгүй хариу барив: "Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн асуудлаар панель огт хийлгэхгүй". Албан бичигт дурьдсан шалтгаан нь "2014 онд хурлын хөтөлбөрийг Засгийн газраас батласан". Үнэн хэрэгтээ хурлаас бүр нэгхэн долоо хоногийн өмнө ч ЛГБТ Төв л биш бол бусад ТББ-уудаас панелийн санал аваад, панель хийхийг зөвшөөрч байсан нь тогтоогдолгүй л яахав.

Буцаад гэр бүлийн хүчирхийллийн сэдэврүү орьё. Нэлээд дээрээс буюу одоогоос 5-6 жилийн өмнө жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хүмүүст үйлчилгээ үзүүлэх зорилготой төрийн нэг цэгийн үйлчилгээ гэж зүйл байгуулагдав. 2009 оноос хойших хугацаанд эдгээр цэгүүдээр бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээсээ үүдэн хэдэн хүн эдгээр цэгээр үйлчлүүлэв гэсэн тодруулгыг авбал бидний мэдэж байгаа, гараас нь хөтлөж аваачсан хэдэн хүнийг ч хэлэхгүй нь ойлгомжтой. Учир нь ЛГБТ хүмүүсийн эсрэг гардаг БҮХ хүчирхийлэл нь жендэрт суурилсан хүчирхийлэл гэдгийг эдгээр цэгийн, эсвэл ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын гарын авлага, дүрэм, үйл ажиллагааны хүрээнд одоо хүртэл тусгаагүй байгаа байдал. Төв маань ч энэ тал дээр бас дутуу ажилласан нь үнэн, 2013 онд анхан шатны нийгмийн үйлчилгээ үзүүлэх төрийн албан хаагчдын гарын авлагад ЛГБТ хүмүүсийг оруулах тал дээр ажиллаагүй орхисон байсан нь дараа харагдсан. Эрүүл мэндийн хөтөлбөрийн доор хийгдэх ёстой ажил л байсан нь ойлгомжтой.
 
За тэгээд ардчиллын дефицит гэх гоё ганган үг өнөөдөр яагаад хэрэглэх болов гэхээр ЛГБТ хүмүүс нийгэмд тэгш байдлаа үгүйсгүүлж, эрхээ хууль бус үндэслэлээр хязгаарлуулсаар ганцаар, хосоор, гэр бүлээрээ хохирсоор байгаатай адил бэлгийн цөөнхийн хүний эрхийн төлөөх хөдөлгөөний иргэний нийгэмд эзлэх байр суурь бас л тиймхэн байгаа юм уу гэж харах дээр тулаад байна даа. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр Монгол маань орох гээд, мэдээж энэ чиглэлээрээ мэргэшсэн гэж явж байгаа бид ЛГБТ хүмүүст хамааралтайгаар нь баримтжуулалт дээрээ үндэслээд тайлангаа бичив. UPR-ын онцлог нь хороодын шинжээчид шиг хүмүүс байдаггүй тул хүний л амьдралынхаа нарийн ширийнийг бид өөрсдөө мэдэрдгээрээ ярих ёстой тийм платформ. "ЛГБТ асуудлаа төвөөс явж ярья" гэхэд "ЛГБТ асуудлыг чинь бид ярьчихья, та нар яваад яах вэ" гэсэн зарим хүний байр сууриас эхлээд бодлого болон бодлогын нөлөөллийн судалгааны түвшинд ч ЛГБТ хүмүүст дэндүү хамааралтай зүйлээс биднийг орхигдуулдгаараа орхигдуулсаар. Анараа яах вэ дээ, үнэнийг байгаагаар нь л хэлчихдэг хүн. Тэнэг шударга. Ухаантай шударга гэж юу ч байдаг юм, тэрэнд хэзээ ч хүрэхгүй биз. 

Гэхдээ л иймэрхүү асуудал байгаа хойно иргэний нийгмийн бид өөрсдөө ч бодож, өөрсдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийхгүй бол өөр хэнээс ч хариуцлага тооцох нэр нүүр байхгүй байх, тийм үү?

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...