Wednesday, June 10, 2015

Хүйсийн шилжилт ба сэтгэцийн эрүүл мэнд

Сүүлийн хэдэн жил ч юм, басхүү хүйсийн шилжилтийнхээ талаар апдэйт нэг их бичилгүй удаж. Даавар орлуулах эмчилгээнийхээ тарианд орсон тэр наддаа л маш чухал, нандин, утга бүхий анхны 6-р сарын 5-наас хойш даруй 4 жилийн нүүр үзчлээ. Их ч зүйл өрнөв, биеийн маань ч хувьд, орчны ч хувьд. Өөрийн анхдагч мэдрэмж, орон зай, гэр болох биеэ эзэмших, өөрийн гэж хүлээж авах, түүнийгээ эергээр мэдрэх гэдэг трансжендэр биш, трансын эсрэг ойлголт болох сизжендэр хүмүүсийн хувьд ямар ч асуудалгүй зүйл. Хамгийн анхдагч мэдрэмж үүсэх энэ бие гэдэг зүйл дээр л ийм асуудалтай байдагтаа транс хүмүүс бид хүйсийн шилжилтэд орохоос өөр аргагүй болдог, боломж, мэдээллээс хамаараад эрт, орой аль нэг  цагт. 

2011 оны Цагаан сарын битүүнээр ээжтэйгээ Лос Бандидост битүүрэхдээ ээждээ анх удаа олон жил тасралтгүй бодож, хүсч, тэмүүлсэн үйл явцыг 2011 ондоо багтааж эхлүүлэхээ хэлэх үед мэдээж маш их айдастай байсан. Хүйсийн шилжилттэй холбоотой олон жил, олон удаа экс-эхнэртэйгээ ярилцаж байсан болгоноос ганц гаргалгаа гардаг нь "Чи хүйсийн шилжилтэд орвол бид хоёрын гэрлэлт дуусна" байсан хойно арга ч үгүй биз. Хүйсийн шилжилтээ (нээрээ хүйс солиулах гэж ярихгүй ээ, бичихгүй ээ, хүмүүс минь. Шатсан чийдэн, хуучин хувцсаа сольж байгаа явдал биш. Энэ чинь олон зүйлээс бүрдсэн цогц үйл явц учир шилжилт гэх нь зүйтэй. Мөн солиулаад ч байгаа зүйл биш, бие л өөрчлөгдөж, дотор байсан хүн нь гаднаа харагдаж эхэлж байгаа зүйл учир солиулах гэдэг ойлголт үнэндээ буруу) эхэлснээс хойш өнгөрсөн жилийн сүүлээр найз залуутай болов, амьдралдаа анх удаа. Гэтэл өмнөх миний амьдралын хамгийн чухал дотны харилцаа шилжилттэй холбоотойгоор төгсч байсан тэр гашуун туршлага миний энэ харилцаанд ч нөлөөлж байгаа, миний хандлагад нөлөөлж байгааг би олж хараад бас удаж.

Транс хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дээр шилжилттэй холбоотой, шилжилтийн эхэн үед ялангуяа анхаарах зүйл олон байдаг. Жишээ нь транс хүмүүс бид төрсөн бие махбод маань өөрсдийн маань өөрийгөө мэдэрч буйгаас огт өөр байгаа учир тэр төрсөн бие махбодтойгоо амьдарч чадахаа болиод түүнийгээ дааврын эм болон мэс заслаар өөрчлөх буюу хүйсийн шилжилтэд орох арга хэмжээ авч эхлэхэд гэр орныхон, найз нөхөд, хамгийн чухал нь дотны хамтрагч хэрхэн яаж хүлээж авах вэ гэдэг маш том асуудал байдаг. Дээр нь шилжилтэд орохоос өмнөх хугацаанд амьдарсан, нийгэмшсэн нийгэмшлүүд транс хүнд шилжилтийн дараа хэрхэн нөлөөлөх вэ, үнэхээр өөрийгөө мэдэрч, тодорхойлдог хүйсийн хэм хэмжээгээр амьдарч чадах уу. Дээр нь хүйсийн шилжилт гэдэг зөвхөн эсрэг хүйсийн хувцас өмсөх төдийн драг үзүүлбэр, энтертэйнмент биш, долоо хоногийн долоо хоног, хорин дөрвөн цаг, жилийн гурван зуун жаран таван хоногийн өдөр тутмын бодит байдал учир нууж хааж амждаг ч зүйл биш, шилжилтээ эхэллээ л бол. Нууж хаах боломжгүй ч учир хүйсийн шилжилттэй холбоотой мэдлэг мэдээлэлгүй хүмүүсийн зүгээс ирэх төрөл бүрийн хүчирхийлэлд өртөх магадлал эрс өсдөг. Тэр болгонд транс хүн маань өөрөө бэлэн үү? Дээр нь транс хүмүүс бидний хайр дурлал, сэтгэл зүрхний асуудал. Зарим тохиолдолд хүйсийн шилжилттэй холбоотой хүний бэлгийн чиг баримжаа ч өөрчлөгдөж болдгийг би өөрийн жишээн дээр дэндүү тод томруун харчихсан, мэдэрчихсэн хүн. Гэтэл над шиг транс гей, эсвэл транс лесбияныг гей, лесбиян хүй олон нийт нь хэр хүлээж авдаг билээ? Найз залуу бид хоёрын буюу хоёр эр хүний харилцааг зарим нь бүр "стрэйт" харилцаа, эсвэл угаасаа гей найз залуугаас маань "Чи Анараатай яаж болдог юм? Чи гей байж яагаад Анараатай байдаг юм? Тэр чинь эмэгтэй штээ, лесбиян штээ" гэж намайг шилжилтэд ороод дөрвийн дөрвөн жил өнгөрчихсөн байхад доромжлох, найз залуугийн минь бэлгийн чиг баримжааг "шалгах" гэж үнссэн хүмүүс хүртэл гарсан. Хоёр эр хүн байна, нэг нь сиз, нөгөө нь транс, энэ хоёрын харилцаа гей л харилцаа. Гэвч ихэнх хүн одоо ч бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийг хооронд нь холиод байгааг, тэр дундаа бүр өөрөө транс, трансаараа алдаршиж буй эмэгтэй телевизээр яриад байгаа нь, бас болоогүй транс байдлыг зөвхөн стиль имиж гэж яриад байгаа нь нийгэмд маш буруу ойлголт, мэдээлэл цацаж байгаагаараа дэндүү өрөөсгөл, аймаар, гутмаар.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар бичих болсон маань нэг иймэрхүү зэргийн асуудлуудаас болов. Дээр нь дөрвөн жилийн өмнө тулгарч байгаагүй нэг асуудал нэмэгдсэн байгааг өөрөө олж хараад, асуудлыг цэгцлэх ёстой гэж ойлгосон нь хүйсийн шилжилттэй холбоотой хамгийн нарийн нандин, чухал харилцаа болох миний гэрлэлт дууссан, экс-эхнэр бид хоёрын харилцаа үүнээс болж хүндэрсэн, үүнээс улбаатай салж байсан нь сэтгэлд томоос том шарх үлдээчиж. Шилжилтээсээ хойш анхны дотны харилцаагаа үүсгээд долоон сарын дараа юу олж харсан гэсэн чинь өмнө нь экс-эхнэр маань намайг транс гээд хаяж байсан, хайрлахаа байж байсан, миний транс байдлын талаар ярихыг ч хүсдэггүй, үгүйсгэдэг байсан нь эцэстээ гэр бүлийн хүчирхийлэл байсан, тэр нь эргээд надад хэнд ч итгэхгүй ийм сэтгэхүй үүсэхэд хүргэсэн аж. Итгэхгүйдээ хардаж зовоож, өөрөө ч баахан зовж байгаагаа хараад шийдвэрлэх ёстой асуудал мөнөөс мөн юм гэж ойлгосон. За ямар ч байсан ЛГБТ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн жишиг практикийн талаар ирэх долоо хоногт Жүүлий Кохын маань хийх сургалтууд үр өгөөжөө өгнө гэдэгт маш их итгэж байгаа.


7 comments:

  1. chi biologiin huis chin emegtei baitlaa yaagaad ene olon jil uuriiguu eregtei gj bodood emegtei hun shohoorhsn baitlaa ,. Gormon uuj huhuu avahuulangutaa er hun bolonguutaa er huistentei yavaldaj uuriiguu gay cg gh shig. Ene uneheer show yumdaa.Saihan yumdaa. Duraaraa durgih

    ReplyDelete
    Replies
    1. шууд ойлгочих зүйл биш л дээ. өөрөө ч ойлгохгүй нэлээд хугацаанд толгойгоо гашилгасан. үүнийг би даавартай ч холбож тайлбарлана, биеийн өөрчлөлттэйгээ холбоотой эр биеийг идеалчлах, өөрөө тэр цэгт хүрэхийг байнга хүсэх, магад тэр нь сүүлдээ бэлгийн өнгө аястай болдог болох магадлалтай. миний хувьд эмэгтэй хүнд татагддаг нь үнэн, татагддаг байсан нь үнэн, одоо ч татагддаг нь үнэн, гэхдээ залуугаас л эмэгтэйлэг хөвгүүд таалагддаг байсан. гэсэн ч яаж ч бодсон, хичээсэн болдоггүй, бие эрхтэний хувьд нэг л тийм буруу мэдрэмжтэй байдаг байсан. нөгөө талаас зөвхөн эмэгтэй хүмүүст дурлаж явсан уу гэхээс эрэгтэй хүнд эмэгтэй хүнд дурлаж байгаа шиг тийм мэдрэмжтэй хэзээ ч байгаагүй, эмэгтэйлэг залуус хөөрхөн санагдах төдий, бэлгийн мэдрэмжгүй гэсэн үг. харин одоо өөрийн бие маань миний хүсч байснаар минь харагдах, сонсогдох, мэдрэгдэх энэ цэгт хүрч эхлээд нэг харсан чинь эрэгтэй хүмүүст дурладаг, найз нөхдийн харилцаанаас гүнзгий зүйл хүсдэг, тийм харилцаатай болчиж. тэгэхээр чинь би өөрийгөө гей л гэлгүй яахав. мэдээж би эмэгтэй хүмүүст татагддаг, дурладгаа үгүйсгэхгүй, гэхдээ сүүлийн бүхэл бүтэн гурван жил хагас зөвхөн эрэгтэй хүнд дурлаад байгаагаа үгүйсгэхгүй гэсэндээ “би транс гей” гэсэн хэрэг. анхныхаа энэ найз залуудаа маш их хайртай. өөрийгөө би түүнтэй учирсандаа их азтай гэж боддог. энэ хайрт минь гайхалтай сайн, сайхан хүн, яажшуу над мэтийн хагас дутуу эр хүнийг тоосын. гэснээс ер нь миний өнгөрсөн хайрын харилцаандууд, хамт байсан бүх эмэгтэйчүүд гайхалтай сайн, сайхан хүмүүс байдаг. тэднээс маш их зүйл сурсан, маш их талархаж явдаг. миний амьдрал, оршихуйг тэтгэсэн тийм агуу хүмүүс. найз залуу минь ч яг адил. транс хүнтэй харилцаанд байх бас л хүнд дээ үнэндээ, шилжилтээс өмнө ялангуяа. бид маш их уур, гомдол, үзэн ядалт агуулж явдаг. заримдаа энэ сөрөг энергийг сайн сайхны төлөө ашиглаж болно, үгүй бол сөрөг зүйл өөрөө өөрийгөө хөнөөж дуусна, шилжилтэд л орохгүй бол. транс бидний бодит байдал өөр өө. Шилжитэндээ орохоор шийдсэн 2011 оны 3 сард нэг залуу, бас л над шиг транс баагий, “шилжилтэд ороход чинь чиний бэлгийн чиг баримжаа өөрчлөгдөж магад шүү” гэж анхааруулж байсан. үүнийг би үнэндээ л хөх инээд төрөх төдий орхисон. гэтэл тэр залуугийн анхааруулж байснаар эргэсэн. гэсэн ч би өөрөө бэлтгэлтэй байгаагүй. яаж ч бэлтгэлтэй байх билээ. гэхдээ бүх транс хүмүүсийн бас туршлага биш шүү дэ, хүйсийн шилжилтэд орсон бүх хүний бэлгийн чиг баримжаа өөрчлөгддөггүй штээ. бидний заримын хувьд үнэхээр даавар болон биеийн өөрчлөлт өөртөө, өөрийн биедээ тодорхой хэмжээгээр хангалуун болгох хэмжээгээр бид өөрсдийгөө илүү бүрэн дүүрэн таньж байгаа ч юм билүү. ЛГБТ хүмүүс гэж битгий ойлгоорой, магад зарим транс хүмүүсийн хувь заяа, төөрөг, үйлийн үр арай өөр байдаг юм болов уу

      Delete
  2. Blogiig chini unshaad bvvr oilgokuu ugan lesbian da gay gd bhiin uur hvnii tuhai bicheed bgam bhdaa gj bodson kkk

    ReplyDelete
  3. Lgbt hvmvvsiig oilgoj demjdeg shv tanid amjilt hvsey!! Hel us muutai bolhoor angli.r bichsen zuilvvdee mongoloor dabhar bichij bgaarai gj hvsey

    ReplyDelete
    Replies
    1. биднийг ойлгон дэмждэгт баярлалаа!

      Delete
  4. Надад олон нэр томъёо үнэндээ ядаргаатай санагддаг юм аа. Хэн нэгэнд тайлбарлахын тулд л үүсдэг нэр томъёонууд. Миний хувьд хүн нь эр байна уу, эм байна уу, эсвэл транс байна уу, хүйсийн шилжилтийн дараа ямар хүйстэйг сонирхоно уу, тэрнийг нь юу гэж нэрлэнэ үү, аль нь ч бүүр эхнээсээ ер хамаагүй л байсан. Анараа ах байна, ямар хүйстэй нь ч чухал биш , ямар байгаад ямар болсон нь ч чухал биш, эмэгтэй хүн сонирхдог байгаад эрэгтэйг сонирхдог болоо л биз, тэгээд яана гэж. Хүмүүст тайлбарлах, ойлгогдох гэж ингэж зүдэрдэгийг нь бодохоор л яс хавтаймаар.

    ReplyDelete
    Replies
    1. "хүн л бол хүн, тэгээд л боллоо" гэж боддог хүмүүс их л цөөн дөө хө. янз бүрийн асуултад булагдах тоолондоо чадлаараа тайлбарлах нь хүмүүст мэдээлэл өгч, тэдний ялгаварлах хандлагыг өөрчилнө гэж итгэдэг болохоороо далан булчирхайгаа тоочоостой :p

      Delete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

Crowdfunding!

As many of you know, we are doing an online crowdfunding for the first time in the history of the Centre, and it happens to be for the Equa...