Monday, November 9, 2015

Хувийн тамууд

Хүний оршихуйн нэг илэрхийлэл болох хүмүүсийн харилцаанд "нийгэм", "хүмүүс" хүссэн хүсээгүй тод үүрэг гүйцэтгэдэг. Яг үнэндээ жинхэнэ "хувийн харилцаа" гэж огт байдаггүй, үлгэр төдий ойлголт гэж би боддог. "Хувийн" гээд байгаа харилцаанд ч нэгээс илүү хүн байгаа, нэмээд наад зах нь тэр хоёр хүний сайн сайхныг бодсон, тэр хоёрт сайн сайхныг хүссэн хүмүүс шууд бус ч байж л байдаг, бүр ямар ч нууц хувийн харилцаанд. Нийгэм, хүмүүс ямар ч харилцаанд байдаг л учир хүн чамтай байгаагаа бусдаас нуух гэж үхтлээ оролдож байвал тэр хүн чамд огт хайргүйг хүлээн зөвшөөрөөд хурдан тэр зовлонт орон зайгаасаа салаарай. Учир нь хүн өөрөө зовохоор бусдыг ч зовоож эхэлдэг. 

Өнгөрсөн нэг жил хамт амьдарчаад, нэг жилийнхээ ойгоор түүнээс бүрмөсөн салахыг сонгосон экс найз залуугийн надад үлдээсэн сэтгэлийн энэ там. Надаас зовж ичсэндээ хэзээ ч хүмүүст намайг танилцуулж байгаагүй, намайг уурлаж, гомдоллодог болсны дараа бага багаар хоёр найздаа хэлснээс бусдаар хэзээ ч намайг "Миний найз залуу" гэж хүнд танилцуулж байгаагүй, хамт гадуур байхдаа Монголын орчинд хэцүү ч боломжийн орон зайд ч үнэндээ л найз залуу шиг хэзээ ч байхгүй байхыг сонгосоор байсан энэ хүн миний сэтгэлийн там болоод олон сар болж. Намайг, харилцаагаа нуух оролдлого, үйлдэл бүр нь амьдралаасаа гадуур байлгах оролдлого байсныг огт мэдээгүй, хараагүй. Надаас ичдэгтээ, над шиг хүнтэй хамт байгаадаа санаа зовдогтоо намайг нууцлахыг хүсдэг байж. Тэр болгонд нь "Энэ хүн надад үнэхээр хайртай байсан бол надаас ингэж ичихгүй дээ" гэх бодол үлдсээр, хайргүй нь өдөр бүр батлагдсаар өнгөрсөн энэ нэг жил дэндүү том сэтгэлийн там байж гэдэг эцсийн дүгнэлтэд хүрээд суух.

Сүүлийн хэдэн ч сар би түүнээс бараг өдөр бүр "Чи яах гэж надтай байгаа  юм бэ?" гэдэг асуултыг асуусан ч, хариулт нь хуурамч жүжиглэл төдийхөн. Би өөрөө ганцаардсандаа юуг хүлээн зөвшөөрөөд, ямар гээчийн там өөртөө, цаашлаад түүнд үүсгэчээд явж байсныг хэлэмгүй. Хүйсийн шилжилтийнхээ дараа би өөрөө өөртөө хэчнээн их хайртай болж, биеэ хүртэл хайрладаг болсон ч миний амьдралд намайг хайрлах хүн огт гарч ирэхгүй, бие сэтгэлээр ганцаардахыг дэндүү сайн мэдэрсэн. Экс эхнэрээ ч маш их санадаг болсон. Хэчнээн тэр зөвхөн миний биед хайртай нэгэн болж таарсан ч ядаж л намайг ширтэх харц нь хайрыг дандаа мэдрүүлдэг байсныг нь санадаг болсон. Гурван жил хагас, бараг л дөврөн жил би хэчнээн хүмүүст дурласан ч, хайрласан ч үүнийг минь хүлээж аваагүй учир бараг л анх "За" гэсэн эксдээ сэтгэл, бие, оюунаа зориулаад явж байхдаа сэтгэл сийчсэн үйлдэл бүрийг нь уучилж, мартахыг сонгож байсан ч одоо ч, тэр үед ч харах ёстой зүйлийг олж хараагүйдээ, өөрийгөө тэнэгтүүлж байсандаа би л буруутай.

Хэдэн хоногийн өмнө түүнтэй ярих гээд чадахгүй, утсаа салгаад байхаар нь дүүрүү нь залгаж ярьтал "Чи миний дүүрүү ярьдаг хэн бэ?"-г өнөөдөр сонсов. Мэдээж бид хоёрын харилцааг хагас дутуу мэддэг ганц түүний дотны хүн байсан учир яагаад болохгүй гэж бодсон чинь үгүй байж, мэдээж тэр л "нийгэм", тэр л "хүмүүс" гэдэг зүйл бид хоёрын харилцаанд огт байгаагүй, байлгахыг тэр хүсдэггүй учир. Чи хайртай ч чиний хамт амьдраад байгаа хүн чамд огт хайргүйг мэдрэх шиг адгийн там байхгүй. Тэгснээс үхсэн минь дээр. Намайг хайрлаагүй хоосон сэтгэлээрээ миний амьдралын нэг жилийг алсан алуурчинтай одоо ярих зүйлгүй. Ядаж л адгийн хуурамч байснаараа жинхэнэ зүйлсийг надад сануулсанд нь баярлалаа гээд орхих.

Биеийн шарх сорви эдгэх ч сэтгэлийнх эдгэдэггүй...

No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...