Wednesday, June 15, 2016

Орландо дах эмгэнэл ба монголчууд

Би тийм лаг сэтгэгч, нийгмийн комментатор, интеллигенцэд хамаарах хүн биш ээ. Гэхдээ би оюун ухаантай хүн. Ертөнц, юмс үзэгдлийг хараад ухдаг хүн. Асуулт тавьдаг хүн. Юуг ч сохроор хүлээн зөвшөөрдөггүй хүн. Балиар өөнтөгч, юмны цоорхойг олж хардаг хүн. Монголчуудын зарим илэрхийллийн тухай бичих цаг болсон санагдаад үүнийг бичлээ. Өнгөрсөн 2 хоног миний ахан дүүс дэлхий даяар эмгэнэж, бул чулуу болсон зүрхтэй би ч нэг күийр хүний бичсэн зүйлийг хараад уйлахдаа үүнийг бодож сууснаа түрүүн буулгалаа.

Хамгийн их гомофобийн үйлдлийг өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чаддаггүй ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүс үйлддэг. Холбоосыг нь хавсаргасан нийтлэлд Омаар Матийн өнгөрсөн 3 жилд доод тал нь 12 удаа Орландогийн "Палс" орж байсан ба Грайндэраар гей залуучуудтай сээтэгнэдэг, "Палс" орох болгондоо хэтрүүлэн уудаг байсан тухай нэлээн хэдэн гэрчүүд ярьсан тухай бичжээ.

Стрэйт хүмүүсийн хувьд ЛГБ хүмүүс бие биеэ хайрлаад явах үнэхээр асуудалгүй, тэдэнд үнэндээ хамаагүй зүйл. Харин өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чаддаггүй ЛГБ хүмүүсийг хэн яаж ямар гээчийн мангас болгодог тухай сайн бод, бод, бод. Шашны хэт туйлшрал гэдэг аймшигтай зүйл. Монголд ч мөн л ЛГБТ хүмүүсийг "Ал, тонилго" гэх мэтчилэн турхирч, үзэн ядаж буй байдал нь загалмайтны төрлийн шашнуудын хэт туйлшралын үр дүн. Юмыг ухаж ойлгодоггүй, залхуу хүмүүс үүнийг харин бүх монголчуудын хандлага гэж харах. Бид сошиал ертөнц, мэдээний сайтуудын комментоор харж байгаа зүйлс бол үнэндээ хаа газар "эзний хайр" нэрээр ГОМОФОБИ, ТРАНСФОБИЙГ түгээж буй буддаас бусад шашнуудын үр дүн шүү, үүнийг бүү март, бүү март, бүү март. Омаарыг аав нь гей гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг байсан бол хэзээ ч энэ эмгэнэл үүсэхгүй байсан юм шүү.

Монголчууд уужуу тайван, хүнийг хүнээр нь хүлээж авдаг ард түмэн байсан, одоо ч тиймд нь би итгэдэг. Хэзээ ч хэнийг ч алах сэтгэхүйтэй байгаагүй. Уламжлалараа. Уламжлалаараа бид ямар ард түмэн байсан бэ? Бид цөөхүүлээ, бүлээрээ малын буяныг даган, нүүдэллэн амьдардаг байсан ард түмэн. Бараг л микро-нийгэм. Микро-нийгэмд хүн бүр хоорондоо садан төрлийн холбоотой, хар багаас нь бие биеэ таньдаг, орон зайн хувьд хол ч, сэтгэлээр ойр, дээр нь мал аж ахуй эрхлэхтэй холбоотойгоор "хүн дутна гэхээс илүүдэхгүй" ("хүн нэмбэл хүнс нэмнэ" гэдэг үг үнэндээ мал ахуйгаа маллах хүн нэгээр нэмэгдэх учир мал мөн сайн арчилгаатай, үржиж өснө гэсэн сэтгэхүйгээс үүдэлтэй) сэтгэлгээтэй байсан. Ийм микро-нийгмийн нөхцөлд БҮГД ХЭРЭГТЭЙ. Ийм нөхцөлд хэзээ ч бие биеэ илүү харж, доромжилж, хэнийг хайрлаж байгаагаар нь үгүйсгэхгүй. ЛГБТ хүмүүс бид хар багаасаа л жоохон өөр байдаг учир үүнийг нь анзаарч, бөө, удгана болгох, шарын шашин дэлгэрснээс хойш сүмд шавилуулах хандлагатай байсан гэх таамаглал надад байдаг. Ямартаа ч биднийг ЛГБТ байлаа гээд нүүдэлчин, микро-нийгмийн нөхцөлд хэзээ ч бөөрөлхөж байгаагүй. Харин 1960-аад оноос хойш хотжилт, аж үйлдвэржилт ихсэн, орон зайн хувьд ойрхон ч сэтгэлийн хувьд хол амьдрах болсон үйл явцын дунд хүн хүндээ хамаагүй болох эхний суурь нь тавигдан, 1990-ээд онд хүчирхийллийг энгийн зүйл хэмээн итгэгчиддээ итгүүлж эхэлсэн сүм, шашны урсгалууд орж ирсэн. Харин одоо... хаашаа л харна уу, ЛГБТ хүмүүсийн талаар мэдээ бичих төдийд л доод талд нь "Ал, устга, хомроглон хөнөө". Хэний юуны буян бэ? БОД БОД БОД. Ийм зүйлс бичигдэж, энд тэнд харагдаж байгаа нь буддаас бусад бүх Монголд шинээр орж ирсэн шашны өнгөрсөн 25 жилийн "гайхамшиг".

Би хүмүүсийн итгэл үнэмшлийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ загалмайтан, лал, иудейн шашнууд хоорондоо маш адилхан. Хэт туйлшрагсад нь бүгд ЛГБТ хүмүүсийг үздэггүй. Монголд ямар олон ЛГБТ загалмайтан итгэгсэд өдөр бүр, сүмдээ явах тоолондоо "Би орших эрхгүй юм байна, миний хайрлаж байгаа нүгэл юм байна, би юу ч биш юм байна, би хэрэггүй юм байна" гэсэн мессежийг авч байгаа гээч? Дэндүү олон. ҮЗЭН ЯДАЛТАА БОЛИОЧ ЭЭ. ТИЙМ Л ИХ УЛАМЖЛАЛ, ЗАН ЗАНШИЛ ЯРИХ ДУРТАЙ ЮМ БОЛ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЭЧ ЭЭ. ОЮУН УХААНТАЙ ХҮН ЮМ БОЛ ТАРХИАРАА ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭЧ ЭЭ.

1 comment:

  1. 100 хувь санал нийлж байна. Тун харамсалтай.

    ReplyDelete

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...