Thursday, February 2, 2017

Онол номер 37

Хааяа сэтгэлээрээ цөмийн бөмбөгт өртчөөд тахир дутуу, хөлгүй, гаргүй, амьсгалж байгаа үгүйтэй чичирч суухад чамайг нэгэн цагт хайрлаж, чи тэднийг нэгэн цагт хайрлаж байсан хүмүүс л авардаг гэдэг онол надад бий. Хэчнээн хамт байхгүй, дурлал нь дууссан ч тухайн үедээ хайрлаж байсан мэдрэмж, хүндэтгэл нь үлдсэн байдаг. Түүгээрээ бие биеэ тэтгэдэг. Бууж өгөхийг зөвшөөрдөггүй. "Бос!" гэдэг, яагаад мөлхөх ёсгүйг сануулдаг. Хайраа (хайр гэж ер нь яг юу юм бэ?) сануулдаг. Тэр хайрлаж байсан хүн нь мөн юм чинь үгүй болохыг нь зөвшөөрдөггүй.

Хүн хүнээ хайрлахдаа ер нь яг яагаад хайрладаг юм бол? Хэзээ эхлэж, хэзээ дуусдаг юм бол? Хайрыг бясалгасаар өчнөөн жил болчихсон. Хүйсийн шилжилтийнхээ дараа илүү өөрийнхөө биеийг мэдрээд эхлэхэд энергиэ хүртэл мэдэрч эхлэхэд (энергийн түвшинд жишээ нь секс хийж болдог юм билээ гэх мэт, гэхдээ энэ талаар дараа бичье) хайр бол нэг тийм урсгал мөн чанартай зүйл юм билээ л гэж мэдэрсэн. Бүх зүйл энерги юм бол хайр гэдэг хүний хамгийн сайн сайхан энерги урсахыг хэлдэг юм болов уу. Хэзээ ч дуусашгүй юм шиг мөртлөө зарим тодорхой тохиолдлуудад урсахаа больдог. Гацдаг. Гацсан учир булингартаад, өмхийрдөг. Дараа нь бүр асгаж, цэв цэвэрхэн болгож угаах ёстой юм шиг мэдрэгддэг тийм байнга урсах ёстой зүйл.

Хүйсийн шилжилтэд орох хүслээсээ, үгүйсгээд үгүйсгээд, зугтаад зугтаад чадаагүй анхдагч хэрэгцээнээсээ болж экс эхнэрээсээ салаад нэлээд олон жил бодогсдсон зүйл нь "Тэр хүн миний сүнсэнд биш, биед л хайртай байж" гэж. Хэчнээн салаад зургаан жил болсон ч ЛГБТ эрхийн төлөөх хөдөлгөөний саад, уналт, ялалт бүрээ, сэтгэлийн дүүлэлт ба үгүйрэл бүрээ түүнтэй хуваалцахтайгаадаа хүрсэн. Ядаж л үзэн ядахаа больсон байлээ. Түүний сонголтод нь гомдохоо больсон. Хэзээ ч уучлахгүй гэж боддог байсан тэр гомдол арилсан байлээ. Түүнээс өмнө хайртай байсан, ямар нэг хэмжээгээр миний анхны гей харилцаа ч гэж бодогддог тэр хүнтэйгээ бас хааяа ярьдаг болсон, хэрэгтэй үед минь "Хөөе, чи зүгээр биз? Ахын дүү цоглог шүү, ингэхгүй ээ хө" гэдэгт нь баярладаг.

Хүмүүс салаад арав, хорь, гучин жил болсон ч хайрын цуурайнууд үргэлжилдэг гэж би итгэдэг. Эргэж нийлэх утгаар биш. Зүгээр л нэгэн цагт тэр урсгал үнэн байсан учир зарим хэсгүүд нь үлдсэн байдаг.

Нээрээ хүмүүс бие биеийнхээ сүнсэнд дурладаг юм уу, биед дурладаг юм уу? Транс эрэгтэйн хувьд би одоо ч өөрөөсөө ч, бусдаас ч асуусаар байгаа ганц асуулт. Ямар ч байсан дахиж хэнд ч, хэзээ ч бие эрхтэнээрээ доромжлуулахгүй гэдгээ уржигдар бүрэн дүүрэн ойлгосон. Тэр гацалтаас, тэр булингарталтаас гарах цаг болоод өнгөрснийг харсан.

Хайр уу? Мэдэхгүй.


No comments:

Post a Comment

Бусдын эрхэд халдсан утга агуулга бүхий комментуудыг хэвлэхгүй болно.

put on a face

put on a face                      a brave face, a dead face put on a face and go. put on a face                       a kind face, a br...